Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Н.Удаанжаргал Монгол Улсын хилээр буцаж орж ирээгүй байгаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 0 секунд

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт АТГ, ЦЕГ-ын хамтарсан баг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй. Үүний хүрээнд арав гаруй хоногийн өмнө АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг ил болгосон. Тэгвэл хэрэг шалгалтын явц хэр үргэлжилж байгаа талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Одоогийн байдлаар нүүрсний гэх хэрэгт хэчнээн хүнийг яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна вэ. Цагдан хорьсон хүмүүсийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Олон нийтэд хангалттай мэдээллүүд хүрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамтарсан баг нүүрсний гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа. Эл ажлын хэсэгт 62 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. АТГ 2013 оноос нүүрс худалдан авах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа, ажил үйлчилгээ нэвтрүүлэх худалдан авах, тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авилга авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэл бүхий 49 хэргийг шалгасан. Энэ хэргүүдээс 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагаагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 7 хэргийг хаах, нэг хэргийг нэгтгэх, хоёр хэргийг харъяаллын дагуу өөр байгууллагад хүргүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Одоогийн байдлаар ажлын хэсэг хэрэг бүртгэлийн 19, мөрдөн байцаалтын 12 нийт 31 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүний хүрээнд 49 объектод нэгжлэг хийх, хүний бие эд зүйлд нэгжлэг хийх ажиллагааг 115 удаа, гэрчээр 124 хүнээс мэдүүлэг авах, 342 баримт материалыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авсан.

Хэргийг шалгах явцад, 14 яллагдагчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогоор 7 яллагдагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Нүүрсний гэх тодотголтой эл хэрэгт 56 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй байна.

-Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрийг зарлаад 10 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авч дуусч байгаа юу. Хууль хяналтын байгууллагаас дуудахад ирээгүй тохиолдол гарсан уу?

-Энэ тал дээр тодорхой мэдээлэл байхгүй байна. Гэхдээ нэр нь зарлагдсан хүмүүсийг эхний байдлаар дуудаж, мэдүүлэг авсан байгаа.

-Хамтарсан багийн зүгээс нүүрсний гэх хэргийг шалгах үйл явц хэр урагштай байна гэж харж байгаа вэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа нь өөрөө маш өргөн цар хүрээтэй шалгагддаг. Ялангуяа авлигын хэрэг дээр. Яагаад гэвэл, бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад авлигын гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь өөрөө ямар нэгэн байдлаар шууд худалдан авалт хийдэггүй. Ямар нэгэн төлөөний этгээдээр авсан байх нь бий. Монгол Улсад битгий хэл нуугдмал хөрөнгүүд нь гадаад улсад байх, бусдын нэр дээр ББСБ байгуулах, томоохон компаниудын хувьцааг бусдын нэр дээр авсан байх гэх мэтээр нөхцөл байдлууд тогтоогддог. Тэгэхээр бид шүүхээр хэн нэгний гэм буруутайг тогтоолгохын тулд заавал хөдөлшгүй нотлох баримттай байх ёстой. Нотлох баримтын тухайд, авлигын гэмт хэрэгт холбогдож буй хүмүүс тэнэг л биш бол тухайн хөрөнгөө Монгол Улсад нуух, өөрийн нэр дээр хөрөнгө хувьцаа бий болгодоггүй юм. Тэгэхэр бүрэн бодитой шалгаж тогтоох нь өөрөө цаг хугацаа ихээр шаардана.

-Н.Удаанжаргалд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа-

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан. Гэвч АТГ-д гэрчээр мэдүүлэг өгсөний дараагаар хувийн батлах гаргуулж, БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан. Тэгвэл яллагдагчаар татагдсан гэдэг утгаараа эргэж ирэх ёстой хугацаа заасан уу?

-Нээлттэй сонсголын үеэр УЕП болон байгууллагын удирдлагын зүгээс тодорхой мэдээлэл өгсөн. Надад нэмж мэдээлэл өгөх зүйл одоогоор байхгүй байна.

-"Тавантолгой төмөр зам" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг яллагдагчаар татаагүй гэж Нийслэлийн Ерөнхий прокурор мэдээлсэн. Танайхаас Н.Удаанжаргалыг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт хүргүүлсэн юм уу?

-Таны нэр дурдаж буй этгээд нь Монгол Улсын хилээр буцан орж ирээгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хэн нэгнийг хүлээхгүй. Тэр хүн байхгүй байсан ч мөрдөн шалгах ажиллагаа явна. Тухайн хүнийг яллагдагчаар татах хангалттай үндэслэл байх ёстой. Н.Удаанжаргалд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

-Хаана байгааг нь тогтоосон зүйл бий юу?

-Тодорхой мэдээлэл байхгүй байна.

ШУУД ҮЗЭХ:

Ж.Мөнхбат: Зөвлөлдөх санал асуулгыг ирэх хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн
Ж.Мөнхбат: Зөвлөлдөх санал асуулгыг ирэх хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн
 
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.