Нүүрсний хулгайн хэрэг хэрхэн илчлэгдэж, хулгайчдад ямар хариуцлага тооцохыг иргэд нүд цавчилгүй харж байгаа. Өнгөрсөн хугацаанд авлига албан тушаалын олон хэргүүд хөвөрсөн ч асуудлыг өөр сенсацаар дарж “молиго” үмхүүлдэг улстөрчдийн зам аргагүй мухардав.
Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын эргэн тойронд улстөрчдийн ашиг сонирхол буцалж “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иар хулгайн замаа засуулсан гэдэг.
Тухайлбал, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Б.Ганхуягт Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтыг шийдвэрлэсэн, Н.Удаанжаргалыг төмөр замын ажлыг амжилттай хийсэн. Мөн бүтээн байгуулалтын ажилд ажиллах хүчнээр дотоодын цэргүүдийг хамруулж ажилласан гэх ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан нарыг алга ташиж өргөмжилж гавьяа шагналыг харамгүй өгсөн байдаг.
Гэвч "магтсан хүүхнүүд хуримынхаа дараа унгаж", Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар нүүрсний хулгай гэх их наядаар тоологдох хэрэгт хамгийн түрүүнд буруутгагдав. Улмаар нь нэг нь цагдан хоригдож, нөгөөх нь эх орноосоо хэл чимээгүй алга болов. Н.Удаанжаргалын байр саванд нэгжлэг хийсэн ч мань эрийг зугтсан уу, зугаалж яваа юу гэдгийг одоо хэн ч мэдэхгүй байна. Харин ЗХЖШ-ын бүтээн байгуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан одоогоор хуулийнхны хараанд өртсөнгүй.
Тэгвэл сүүлийн үед нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсээс төрийн дээд цол тэмдэгийг нь хурааж авна гэдэг яриа улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж, улмаар иргэдийн дунд "халдварлаж" эхэллээ. Албан бус эх сурвалжууд ч Ерөнхийлөгчийн инстутын хүрээнд энэ талаарх яриа битүү, хөтүү яригдаж төсөл бэлдэх хэмжээнд хүрч болзошгүй байгаа гэв.
Б.Ганхуягийн хувьд аль 2007 онд Тавантолгой төслийг цаасан дээр байхаас эхлэн гар бие оролцож, 2010 онд уурхайн төслийг хариуцан эхлүүлж байсан гэдэг. Мөн энэ хугацаанд шат дараалан дэвшиж 2018 оны тавдугаар сараас хойш төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар томилогдон ажилласан. Нүүрсний хамгийн том “хулгайч” гэх автортай экс Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 9 сард зарлиг гаргаж түүнд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртээсэн юм. Харамсалтай нь гавьяатын нэр газар унаж хуулийнхны өмнө хулгайчдаа зарлах ажилтай болжээ.
ЭТТ ХК-иас эхэлсэн нүүрсний хулгайн мөр Тавантолгой төмөр зам дээр буув. Хуулийн байгууллагаас ТТТЗ ХХК-ийн бүтээн байгуулалтын гэрээ, санхүүгийн тайлантай холбоотой асуудлаар гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд хэрэг бүртгэлт нээн шалгаж эхэлсэн ч тэрбээр амжиж зугтан АНУ-д үүрээ засаж байгаа сурагтай.
Нэмж хэлэхэд, ер нь нүүрсний хэргээс гадна авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хэрэг нь шүүхээр эцэслэн тогтоогдсон хэнээс байсан гавьяа цолыг төр эргүүлэн авах нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай. Ганц албан тушаалтнууд ч гэлтгүй төр түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж чадаагүй зарим спортынхонд ч хамааралтай асуудал билээ.
Б.Мягмарсүрэн