Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ-таа хууль үйлчлэхгүй байгааг шүүмжилж, Ерөнхий сайдынхаа эсрэг жагсаалд нэгдмээр байгаагаа илэрхийлсэн Н.Анхбаярт кабинетын зарчмыг “САНУУЛАХ УУ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 4 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Нүүрсний хулгайн хэргийн эргэн тойронд улс тэр аяараа шахуу "доргиж" байна. Хариуцлага бас дахин хариуцлага шаардсан ард түмэн төв талбайд эсэргүүцэл зарлаж, Ерөнхий сайдыг хүртэл урдаа зогсоож байгаад "зэмлэв". Энэ мэт үйл явцтай зэрэгцэн зарим төрийн түшээ нарын үйлдэл ихэд анхаарал татав. Харин азаар, зарим нь нүүрс дагасан дуулианаар өнөө үйлдлүүдээ сэм дарагдуулж амжина лээ. Нэг жишээ нь, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр. Тэрбээр шөнө оройгоор "Төр засагт хууль үйлчлэх ёстой. Дургүй хүрч байна" хэмээн лайв хийж орхисон. Зарим нь түүнийг "согтуу" байсан ч гэлцэх. Түүний эл үйлдэлд хоёр талын дүгнэлт хийж болох юм.

Гайхмаар нь тэр өөрөө Л.Оюун-Эрдэнийн кабинетийн нэг гишүүн. Гэтэл олон улсад ЗГ, Ерөнхий сайдаа төлөөлөх хүн ийм юм яриад сууж болох уу, Аль эсвэл үнэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хууль үйлчлэхгүй болоод Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл дотроос нь "шүгэл" үлээж, шүүмжлээд сууж байгаа нь энэ юм уу. Ямартай ч түүнийг өнөөдрийн эл албан тушаалд иргэн Н.Анхбаяр гэхээс илүү "төр" хэмээн олон нийт харж басхүү дүгнэж байгаа. Гэтэл ийм эгзэгтэй цаг үед кабинетийнх нь гишүүн цаад агуулгаараа Ерөнхий сайдаа үгүйсгэсэн агуулга бүхий мэдэгдлийг эрүүл согтуу нь мэдэгдэхгүй цахим сүлжээгээр хийсэн нь тун хариуцлагагүй үйлдэл. Тэгээд зогсохгүй, ЗГ-ынхаа эсрэг хийгдэж буй жагсаал руу гарч жагсана гэдэг зүйлийг хэлээд байх юм.

Бидний мэдэж буйгаар Н.Анхбаяр бол төрийн албаны гуншин нь дуусахгүй Ц.Нямдоржийн хүү. Тийм ч учраас Ц.Нямдорж улс төрөөс "явсан, яваагүй" хамаагүй Н.Анхбаяр аавтайгаа цуг л яригдана. Энэ утгаараа магадгүй түүний эл үйлдлийг ч Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээс "мултарсан" Ц.Нямдоржийнх уу хэмээн харж байх талтай.

Хоёрдугаарт, гадаад харилцааны яамны мэргэжилтнээс авхуулаад Консул, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажиллаж яваа тэрбээр энэ удаад туршлагаараа "зангараг" заасангүй. Гадаад харилцааны алба бол дипломат алба. Дипломат албадын үг, үйлдэл олон улсад тухайн улсаа төлөөлдөг гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх хүн. Тэгвэл жагсаал цуглаантай зэрэгцэн хийсэн ТНБД-ын лайв олон улсад ямар агуулга хүрэх вэ. Түүний яриа олон улсад "Монголд хууль үйлчилдэггүй юм байна" гэх ойлголтыг л төрүүлэхээр байлаа.

Асуудал лайв хийсэндээ биш л дээ. Харин дипломат албаны ёс журмаа дагалгүй, хариуцлагагүй гэгч нь байр сууриа илэрхийлсэнд байгаа юм. Энэ хүнд төрийн албаны байтугай дипломат албаных нь ч ёс зүй нь алга.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрынхаа эсрэг бодлого ярьдаг, нэгдэж ажиллах ёстой сайд нартайгаа гар нийлдэггүй хэд хэдэн дэд сайд, дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэгвэл энэ удаад "бухимдаад" л лайв хийчихдэг Н.Анхбаярын ээлж байх уу. Энд нэг зүйлийг хэлэх нь зөв. Үнэн хэрэгтээ, Н.Анхбаяр та ч шүүмжлээд байгаа Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд багтаж яваа нэгэн.

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой гомдол ар гэр, албан байгууллага, хувь хүнээс ирээгүй байгаа учир хэлэлцэх БОЛОМЖГҮЙ
ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой гомдол ар гэр, албан байгууллага, хувь хүнээс ирээгүй байгаа учир хэлэлцэх БОЛОМЖГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.