АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2022.12.7-8 нд шилжих шөнө/ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулж, найман хүнийг баривчилсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.Ганхуяг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан З.Сырымбек нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Ганхуяг, Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, З Сырымбек нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.