Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Батырбек: Хөгжлийн банк энэ онд багтаж нэг их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх нөхцөлийг хангалаа

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
5 минут 2 секунд

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбектэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн зээлийг эргэн төлүүлэх ажилд ямар ахиц байна вэ? Ойрын үед шийдэгдэх эргэн төлөлттэй холбоотой шинэ мэдээлэл юу байна вэ?

-Хөгжлийн банк өнөөдрийн байдлаар 800 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийлгээд байна.

Хамгийн сүүлийн хэлцэл гэвэл та бидний сайн мэдэх Шинэ яармаг төсөлтэй холбоотой асуудлыг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүхээр шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрт тусгагдсан зээлийн өр төлбөрийн үлдэгдэл болох 84.7 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах асуудлыг /“Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас 61.2 тэрбум төгрөг, “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-аас 24.6 тэрбум төгрөг буюу нийт 85.8 тэрбум төгрөгийг гаргуулан Хөгжлийн банканд төлөх/ шийдвэрлэж, төрийн байгууллагуудтай хамтран Хөгжлийн банканд шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Үүний үр дүнд зээлийн эргэн төлөлт 900 орчим тэрбум төгрөгт хүрэх юм. Мөн энэ ондоо багтаад чанаргүй болсон томоохон зээлдэгч болох “Ачлал трейд” ХХК, “НВЦ” ХХК зэрэг компаниудын зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр ажиллаж байна. Хэрэв дээрх зээлдэгч нараас төлбөрөө авч чадсан тохиолдолд Хөгжлийн банк оны эцэст зээлийн эргэн төлөлтөө 1.0 их наяд төгрөгт хүргэх боломжтой болж байна гэсэн үг.

Мөн 2022.12.07-ний өдөр Дархан-Уул аймгийн ИХАШ шүүх хурал хуралдаж, “Түгээмэл түмэн хишиг” ХХК-аас нийт 25.9 тэрбум төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Ингэснээр “Тайван зогсоол” төслийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас зээл авсан “Түгээмэл түмэн хишиг” ХХК-тай холбоотой шүүхийн процесс 10 сар гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст шийдвэрлэгдэж байна.

-Зээлийн эргэн төлөлт дээр үндсэн зээлээс гадна ханшийн зөрүү гэж нэг асуудал байна. Ам.долларын ханшаас шалтгаалаад ихээхэн хэмжээний алдагдалд ороод байдаг. Үүнийг ямар аргаар шийдэж байна вэ?

-Ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлэх асуудлын хувьд шийдэхэд хүндрэлтэй байна. Учир нь долларын ханшийн зөрүүг Хөгжлийн банк өөр дээрээ авах юм бол тэр хэмжээний алдагдал хүлээх ба уг алдагдлыг хэрхэн нөхөх нь асуудлын гол болоод байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд гадна дотны санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ба тодорхой түвшний хэлцлүүд хийгдээд явж байна.

-Цаашид зээлээ төлөх чадамжгүй болж хүндрэхээр томоохон зээлүүд байна уу. Жишээ нь?

-“Эрэл”, “Бэрэн групп” гэх мэт томоохон компаниудын зээлийн асуудал нэлээд хүнд байна. Энэ хоёр ХХК-ийн хувьд зээл, барьцаа хөрөнгийн харьцаа алдагдсан, тогтмол орлогын эх үүсвэр байхгүй, санхүүгийн хувьд хүндрэлд орсон гэх зэрэг маш олон асуудал дагуулсан байдалтай байна. Зээл, барьцаа хөрөнгийн харьцаа алдагдсан учраас барьцаа хөрөнгөөр нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна гэсэн үг.

-Зээл авсан компаниудаас АТГ болон Прокурор руу шилжсэн хэчнээн хэрэг байна вэ?

-Эхний ээлжид 17 зээлдэгчийн 86 хүнийг яллагдагчаар татаад байна. Прокуророос удахгүй шүүх рүү шилжих байх гэж найдаж байна.

-Чанаргүй зээлдэгчдийн өрийг барагдуулахад улс төрийн дэмжлэг болон улс төрчдийн дарамт байна уу?

-Шууд утгаараа улс төрчидтэй холбоотой дарамт одоохондоо мэдэгдсэн зүйл бол алга байна. Дам утгаараа улс төрчид өөрсдийн хамаарал бүхий зээлдэгчид нөлөөлж хугацаа хожих, зээлээ төлүүлэхгүй байх талаас нь ажиллаж байхыг үгүйсгэхгүй. Мөн ард иргэдийн хяналт сайн байгаа, хэвлэл мэдээлэл, засгийн газар, хууль хүчний байгууллагуудтай нягт хамтран ажилласны хүчинд зээлийн эргэн төлөлтүүд хийгдэж, үр дүн гарч байгаа. Цаашдаа ч хамтарч ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Зээлдэгчид оргон зайлсан, хөрөнгүүд нь үрэгдсэн, олдохгүй байгаа, өр төлбөрт хураагдсан хөрөнгийг мөнгөжүүлэх гэх мэт олон шалтгаанаас үүдэн төр болон хувийн хэвшлийнхэнтэй нягт хамтран ажиллаж чанаргүй зээлүүдийг төлүүлж байна.

С.Мөнхчулуун: “Юнивишн“ ХХК гурвалсан үйлчилгээг авахыг шаарддаг нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга ашигласан гэж үзсэн
С.Мөнхчулуун: “Юнивишн“ ХХК гурвалсан үйлчилгээг авахыг шаарддаг нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга ашигласан гэж үзсэн
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.