Нүүрсний хэрэгт буруутгагдаад буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй найман хүнийг өнөөдөр үүрээр АТГ-аас цагдан хорьсон байна. Тодруулбал, Б.Ганхуягийг өнгөрсөн аравдугаар сараас хойш шалгаж байгаа юм.
Уг хэрэгт "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустриал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн Гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан гэх мэдээлэл байна.
Тэгвэл тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ. Нэгжлэгээр "Хишиг арвин индустриал" компанийн эзэн Б Хишигдоржийн гэрээс 300 сая төгрөг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн гэрээс тусгай төхөөрөмж илрүүлэгч, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин гэрээс Хятадын банкны тэмдэг 100 мянган ам.доллар, 70 сая төгрөг илэрчээ.
Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа аж.