Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Чингис" бондын эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг өчигдөр цаг хугацаанд нь төлж барагдуулсан гэлээ. Мөн "2012 оноос хойш "Чингис" бондын хүүнд 540 сая ам.долларын хүү, 264 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлсөн. Цаашид хөрөнгийн зах зээл дээр богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны бонд гаргаж болохгүй гэдэг үүргийг Засгийн газар авсан.
Хөгжлийн Банканд төвлөрсөн эх үүсвэрээр 2023 оны есдүгээр сарын 25-нд "Евро" бондын 500 сая ам.доллар, арванхоёрдугаар сарын 20-нд "Самурай" бондын 30 тэрбум иенийн өрийг төлнө.
Одоогоор "Самурай" бондын 30 тэрбум иенийг төлөх мөнгийг Хөгжлийн Банкны зээлийн эх үүсвэрээр цуглуулж чадсан. Тодруулбал 762 тэрбум, 300 сая төгрөгийн эх үүсвэрээр 30 тэрбум иенийг худалдаж аваад Монголбанкан дахь Төрийн сангийн дансанд нэг жилийн өмнө хадгалчихсан" гэлэ.
2022 он гарснаас хойш ам.доллартай харьцах иенийн ханш 20-иод хувиар суларч 1990 оноос хойших түүхэн доод түвшинд хүрсэн байгаа нь иен худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлж байна. “Самурай” бондын үндсэн төлбөрийг төлөхөд шаардлагатай иений нөөцийг бүрдүүлснээр иений ханшийн эрсдэлийг удирдах зорилгоор гадаадын банк, санхүүгийн байгууллагатай байгуулдаг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн зардлыг хэмнэж ажиллах боломж бүрдлээ. Түүнчлэн “Самурай” бондын төлбөрийг бүрдүүлснээр хөрөнгө оруулагч болон олон нийтийн Монгол улсын Хөгжлийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.