Залуучууд нэгдэн "Нүүрсний хулгайчдыг зарла" жагсаалыг зохион байгуулаад байна. Жагсаал хоёрдахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс Ерөнхий сайдад хандаж, нүүрсний хулгайг тойрсон асуудлаар хоёр улсын прокурорын байгууллага хамтарч ажиллах шаардлагатай байна" гэсэн утгатай байсан. Монгол Улсаас сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан нүүрсний хэмжээ, БНХАУ-д сүүлийн 10 жилийн хугацаанд импортлогдсон хэмжээг жил жилээр тулгаж үзэх шаардлагатай байна гэж байгаа. 2013-2019 оны хооронд 6 жилийн хугацааны тулгалтыг хийхэд 385 мянган тонн орчим нүүрсний зөрүү гарсан. Энэ зөрүүг одоогийн байдлаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа.
Уг нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшлийн талбайгаас жижиг Тавантолгой компани олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Үүнийг өмнө нь УИХ-ын гишүүд мэдээлж байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүй байна. Үүнд нэр бүхий УИХ-ын гишүүн, жижиг Тавантолгой компанийн эзэмшигч нэр бүхий гишүүн компани эзэмшигчийнхээ хувиар шалгагдаад явж байна. Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Засаг дарга шалгагдаж байгаа гэх мэдээллийг ЦЕГ-аас өнөөдөр өгсөн" гэлээ.
Мөн тэрбээр "Ерөнхий сайдын зүгээс ам нөхцлөөр буюу аман дээрээсээ нүүрсээ борлуулж буй байдал нь нүүрсний тээврийн компаниудын лоббигоор хийгдээд байдаг юм биш биздээ. Энэ нүүрсний тээврийн бизнесийг дагаад улсын эдийн засгийн хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний далд бизнес байгаа юм биш биз. Үүнийг шалгаж илрүүл" гэсэн асуудлыг хөндөж байсан. Тээврийн асуудалтай холбоотойгоор нэр бүхий УИХ-ын гишүүн шалгагдаж байгаа" гэлээ.