Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Гэрэлмаа: Жилд найман сая иргэн тамхинаас болж, нас бардаг бол үүний 600 мянга нь дам тамхидалтад өртсөнтэй холбоотой байдаг

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 18 секунд

Монголчууд бид тамхины хор хөнөөлийн талаар мэддэг ч тамхинаас татгалзахыг төдийлөн боддоггүй. Гэтэл жил бүр хэдэн сая хүн дэлхий дээр тамхины хор уршигаас үүдэлтэйгээр нас барж, хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг.

Түүнчлэн манай улсын 750 мянган иргэн тамхи татаж, тамхинаас үүдэлтэй зүрх, судасны өвчлөлд өртөж улмаар амь насаа эрсдэлд оруулах нөхцөлд хүрдэг нь ч нууц биш. Тиймээс бид тамхины хор хөнөөлийн талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.

-Дэлхий дээр янжуур тамхинаас үүдэлтэйгээр жилд хичнээн хүн нас бардаг юм бол. Мөн тамхинаас үүдэлтэйгээр хамгийн их тохиолддог өвчин юу байдаг вэ?

-Дэлхийн хүн амын дунд урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь тамхины хэрэглээ бөгөөд тамхи нь хэрэглэгчдийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг хортой бүтээгдэхүүнд ордог. Тамхи нь жилд найман сая хүний аминд хүрдэг бөгөөд эдгээр нас баралтын таван сая гаруй нь тамхины хэрэглээнээс шууд үүдэлтэй бол 600 мянга гаруй нь тамхи татдаггүй хүмүүс дам тамхидалтад өртсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байсан. Үүнийг ДЭМБ-аас ч баталдаг.

Мөн халдварт бус өвчний 8 шалтгааны 6 нь тамхинаас үүдэлтэй байдаг. Энэ нь уушгины хорт хавдрын 90 хувь, зүрх судасны эмгэгийн 60 хувь нь холбоотой.

Ерөнхийдөө бүх тамхи, тамхины бүтээгдэхүүн хортой. Учир нь тамхин бүтээгдхүүнийг маш хортой материалаар хийдэг. Тамхины утаа нь 7000 гаруй химийн бодис агуулдаг бөгөөд үүнээс 250 нь хортой, 69-ээс доошгүй нь хорт хавдар үүсгэх чадалтай. Тамхи татсанаар биеийн бүх хэсгийг гэмтээж, хүн амын дунд зонхилон тохиолддог амьсгал давчдах, багтраа, цусны даралт ихсэх, тархины цус харвалт, зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин зэрэг олон өвчний шалтгаан болдог. Тамхи татдаг ихэнхи хүмүүс өөрсдийн хүслээр тамхинаас гарч чаддаггүй, гарсан ч үр дүн багатай байдаг. Тамхи татсанаар хүмүүс тамхинаас хамааралтай болж тамхинд агуулагдах хорт бодисоос үүдэлтэй үхэлд хүргэх олон архаг өвчинд өртдөг.

-Тамхины хамаарлын тухай товч мэдээлэл өгөхгүй юу?

-Тамхины хамаарал нь өвчин учраас бусад архаг өвчний нэгэн адил оношилж, эмчлэх ёстой. Тамхины хэрэглээ, тамхины хамаарал нь донтдог, архаг, дахидаг эмгэг учраас тамхинаас гарах олон төрлийн арга хэмжээг системтэйгээр, цогц байдлаар хэрэгжүүлж амжилтанд хүрдэг.

Хэдийгээр тамхины хэрэглээний эрсдэл янз бүр байдаг ч тамхины хэрэглээг зогсоох, эмчлэхэд эмч, мэргэжилтнүүд цаг алдалгүй оролцож тэдэнд туслах шаардлагатай. Хамгийн эхний ээлжинд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тамхи хэрэглэдэг бүх өвчтөнд богино хэмжээний зөвлөгөө өгч, тамхины хамаарлыг эмчлэхийг ДЭМБ зөвлөдөг.

-Иргэд тамхины хор хөнөөлийн талаар мэддэг ч төдийлөн татгалзаж чаддаггүй. Энэ нь юутай холбоотой юм бол?
-Үүнийг тайлбарлахын тулд эхлээд "Тамхи эсвэл никотины хамаарал"-ын талаар ярих нь зөв. "Тамхи эсвэл никотины хамаарал" гэдэг нь никотины улмаас тамхинд донтох явдал юм.

Тамхинаас хамааралтай тамхи хэрэглэгч нь хор хөнөөл учруулж байгааг мэдсэн хэдий ч энэ бодисыг хэрэглэхээ зогсоож чаддаггүй учраас хэрэглэсээр байдаг. Иргэдэд ташаа ойлголт байдаг ганц татаад орхино, удахгүй хаяна гэдэг боловч аль хэдийн никотины хамааралтай болсноо мэддэггүй байснаар тамхийг хаяж чаддаггүй. Ийм учраас эмч, мэргэжилтэнд заавал хандаж, тэдний туслалцаатайгаар тамхинаас гарахыг энэ ташрамд зөвлье.

-Тэгвэл никотинээс хамааралтай хүн гэж яг хэнийг хэлдэг юм бэ?

-Никотинээс хамааралтай хүн гэдэг нь хорт бодис хэтрүүлэн хэрэглэдэг, сөрөг нөлөө үзүүлсэн хэдий ч тухайн бодисыг үргэлжлүүлэн хэрэглэсээр байдаг, мөн хэрэглээг зогсоохыг оролдох үед шартах шинж тэмдэг илэрдэг архаг хэрэглээний түүхтэй хүнийг хэлдэг.

Иргэд энэ талаар бага мэдлэг, мэдээлэлтэй байдаг, мэдлэгээ ашиглаад тамхийг хаяж чаддаггүйд учир нь байгаа юм.

-Тамхины хэрэглээ өнөөдрийн байдлар яг ямар түвшинд байна вэ. Ялангуяа хүйсийн увьд авч үзвэл?

-Манай улсад хийсэн дөрвөн удаагийн судалгаа байдаг. Халдварт бус өвчин, осол гэмтэл, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар 15-69 насны хүн амын дунд тамхины хэрэглээний тархалт 24.2%, хүйсийн байдлаар авч үзвэл эрэгтэйчүүд 43.7%, эмэгтэйчүүдийнх 5.0% буюу эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 8.7 дахин өндөр хэрэглээтэй байна.

-Янжуур тамхины хор хөнөөлийн тухай багахан ярилцъя. Та өмнө нь 8 сая хүн тамхинаас үүдэлтэйгээр нас бардаг гэсэн шүү дээ. Яг ямар ямар өвчлөл нас баралтын үндсэн шалтгаан болж байна?

Жил бүр эрүүл мэндийн үзүүлэлтээр аль өвчлөл, нас баралт тэргүүлж байгаа нь гарч ирдэг. Гэтэл ихэнх тохиолдолд зүрх судасны өвчний өвчлөл тэргүүлдэг, өөрөөр хэлбэр жилд 5,500-6000 орчим хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа ч бий.

Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд 58.3%, эмэгтэйчүүд 41.7% эзэлдэг. Нас барсан хүмүүсийн хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү залуу насандаа нас барсан нь эрэгтэйчүүдийн дийлэнх нь 45-аас дээш настай, эмэгтэйчүүдийн дийлэнх нь 60-аас дээш настай байгаа нь тамхины хэрэглээтэй холбож үзэж болно. Мөн хорт хавдрын шалгаант нас баралт 2-рт орж байна. Хүйсээр авч үзвэл 56% эрэгтэй, 44% нь эмэгтэйчүүд байдаг. Үүнээс гадна,

  • Хорт хавдар үүсгэгч 34 эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг судлахад тамхи нь хорт хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг бөгөөд нийт тохиолдлын 33.9%, архи 7.4%-ийг тус тус эзэлдэг. Эрэгтэйчүүдийн хорт хавдраар нас баралтын 1/2, эмэгтэйчүүдийн хорт хавдраар нас баралтын 1/3 нь дээрх 2 хүчин зүйлсээс шалтгаалж байна.
  • 2021 оны 11-р сард АНУ-ын Зүрхний Нийгэмлэгийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар "Tамхи татдаг 5 эрэгтэй тутмын 1, 10 эмэгтэй тутмын 1 нь зүрхний шигдээс, цус харвалт гэх мэт зүрх судасны өвчнөөр нас бардаг" гэжээ.
  • 20-30 насны тамхи татдаг залуучууд зүрх судасны өвчнөөр өвчлөх, зүрхний шигдээс, цус харвалтын улмаас нас барах магадлал тамхи татдаггүй хүмүүсээс 2 дахин их байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
  • 40-50 насныхны дунд гэнэтийн нас барах эрсдэл ойролцоогоор 80%-иар, өндөр настнуудын хувьд эрсдэл 30%-иар өндөр хэвээр байна.
  • Тамхи татдаг хүмүүс зүрхний шигдээсээр нас барах эрсдэл 2,5 дахин их байдаг" гэх мэт маш олон сөрөг үр дагавартай.

-ДЭМБ-аас тамхинаас гарах зөвлөмж, мэдээлэл гаргасан байдаг уу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

ргэдийн тамхидалтыг бууруулахад ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа бодлогыг хэрэглэхгүйгээр энэ чимээгүй тахлыг бид бууруулах боломжгүй л дээ. Тиймээс ДЭМБ-аас “MPOWER” бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавихыг зөвлөсөн байдаг. Үүнд,

  1. Хянах(Monitoring) - Тамхины хэрэглээ, түүнээс урьдчилан сэргийлэлтийг хянах;
  2. Хамгаалах(Protect) - Хүмүүсийг тамхины утаанд өртөж хордохоос хамгаалах;
  3. Санал болгох(Offer)- Тамхиа хаяхад нь туслах;
  4. Анхааруулах(Warning)- Тамхи хор хөнөөлийн талаар сэрэмжлүүлэх;
  5. Хэрэгжүүлэх(Enforcement)-Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлгийг хорих;
  6. Нэмэгдүүлэх(Raise)- Тамхин бүтээгдэхүүний татварыг нэмэх зэрэг болно. Эдгээр 6 бодлогыг хэрэгжүүлэхгүйгээр тамхинаас шалтгаалсан цаг бусын нас баралт, өвчлөл, эдийн засгийн дарамтыг бууруулах боломжгүй гэдгийг дахин хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Загвар өмсөгч О.Билгүүн: Бид хэзээ ч, хэний ч мөнгийг татан төвлөрүүлж ХӨРӨНГӨ БОСГООГҮЙ
Загвар өмсөгч О.Билгүүн: Бид хэзээ ч, хэний ч мөнгийг татан төвлөрүүлж ХӨРӨНГӨ БОСГООГҮЙ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц