Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр "Нэр бүхий 32 хөрөнгө оруулагч компанийн асуудлыг шийдвэрлэх үүргийг сайд бүрт хариуцсан чиглэлийнх нь дагуу үүрэг болгосон тогтоолын төсөл өнөөдөр албажсан.
Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн асуудлаар миний нэр дээр ч хүсэлт гомдол ирсэн. Үүний дагуу Засгийн газрын нэг сарын хугацаанд бодитой хариу өгөх, өгөхгүй бол гаднын хөрөнгө оруулагчид Арбитрын шүүхэд хандахаа илэрхийлсэн.
Хоёр нөхцөл үүссэн гэж харж байгаа. Нэгдүгээрт, "Страто" гэх компани УИХ-ын даргаар ажиллаж байсан улс төрчтэй холбогддог гэдгийг та бүхэн мэднэ. Эрх мэдлээ ашиглаж авсан байж болзошгүй гэж харж байгаа. Яагаад гэвэл тухайн компанийн хайгуул болон олборлолт явуулах эрхээ авчихсан талбай дээр нь газар олголт хийгдээд "Страто" компани баяжуулах үйлдвэрээ бариад явчихсан.
Хоёрдугаарт, Говьсүмбэр аймгийн удирдлагууд ард иргэдэд газар олголт хийсэн. 1000 орчим өрхөд өгсөн байсан. Засгийн газраас лицензээ хэрэгжүүлэх боломжийг нь иргэдийн мөргөлдөөнтэй болгож, ажил хийх боломжгүй болгочихсон байсан" гэв.