Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр "2008 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг тухайн үеийн С.Баярын Засгийн газар хийж байсан. Харамсалтай нь, түүнээс хойш жил жилийн төсвүүдэд парк шинэчлэлтэй холбоотой томоохон бодлогыг авч хэрэгжүүлж ирээгүй нь бидний алдаа. Хоёрдугаарт, төр өөрөө нийтийн тээврийн салбарын асуудал, ачааллыг өөр дээрээ авч ирсэний бодлогын алдаа гэж харж байгаа. Ирэх онд 320 тэрбум төгрөгөөр төрийн болон хувийн хэвшлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийнэ.
Нийтийн тээврийн маршрутыг ард иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тохирсон байдлаар оновчтой болгож чадахгүй байна. Учир хүн хүн төвлөрсөн чиглэлүүд дээр компаниуд нь ашиг олох гэж анхаараад байна. Хотын төв дэх зарим автобусны буудлууд дээр 30 гаруй чиглэлийн автобус ирж зогсож байгаа нь маршрут оновчгүй байгааг харуулж байна. Гэтэл хүн ам төвлөрсөн хотын төвтэй харилцаа үүсгэх автозамуудад хангамж хүрэлцээгүй байдал байна. Иймээс төр өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцох биш бодлогын шинэчлэлд нь дэмжлэг үзүүлье гэж байгаа" гэв.