Сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд Тавантолгой түлш ХХК шахмал түлшний нөөцгүй болсно гэх мэдээлэл тараад буй. Эл асуудлыг "Тавантолгой түлш" ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Алтансүхээс тодруулахад "Компанийн хэмжээнд 3 мянга орчим ажилтан дөрвөн ээлжээр ажиллаж байна. Баруун, зүүн, дөрөвдүгээр үйлдвэрийн технологийн 14 шугам ажиллаж, хоногт 2300-2500 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Борлуулалт ч энэ хэмжээнд байгаа. Саяхны хүйтний эрч чангарсан өдрүүдэд өдөрт үйлдвэрлэх түлшний хэмжээ 3000 тоннд хүрсэн.
Одоогийн байдлаар 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Өдрийн үйлдвэрлэлээрээ тухайн өдрийн борлуулалтаа хангаад явж байгаа. Цаашид 12 дугаар сарын эхний арав хоногт дахиад хоёр шугам нэмж ажиллагаанд оруулна. Нөөц хангалттай байгаа" гэв.