Эрх баригч МАН ирэх сарын 6-ны өдөр бага хурлаа хийхээр товлоод буй. Уг нь тус өдөр Ардчилсан намын түүхэнд онцгой тэмдэглэлт баярын өдөр. Тодруулж хэлбэл, 2000 оны энэ өдөр одоогийн АН улс төрийн таван хүчний нэгдлээр байгуулагдсан түүхтэй. Гэвч МАН-ынхан өнгөрсөн оноос хойш АН-ынхны баярын өдрийг хурлынхаа хуанли мэт хөтлөх болж тавлав.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан эрх баригч намын доромжлол, тохуурхлыг зүгээр хараад суухгүй байхаар шийджээ. Учир нь ирэх 12 дугаар сарын 6-нд эсвэл долооны өдрийн аль нэгэнд тэд Үндэсний бодлогын хорооны хурлаа хийхээр бэлтгэж эхэлсэн байна. Тэд уг хурлаараа нэгдлийн асуудлаа нэг талдаа гаргахаас гадна түмэн олны хүсэн хүлээсэн намын даргын асуудлаа шийдэх аж.
Ардчилсан нам МАН-тай зэрэгцэж ҮБХ-гоо хуралдуулж, намын даргаа сонгох гэж хичээнэ
Эх сурвалжийн мэдээлж буйгаар туйлын зорилгоо “нэгдэл” гэж тодорхойлсон талууд намын даргаараа С.Баярцогтыг томилох асуудлыг зүтгүүлэх гэнэ. С.Баярцогтыг араасаа асуудал дагуулсан гэж жийрхлээ гэхэд 80-аад оны залуус дунд нь лидер байхгүй. С.Баярцогтоос дээшхи ах нарынх нь нэр нүүр хэцүүдсэн. Гэхдээ АН-ынхан хурал хийхээр товлосон өдрөө өөрчлөх магадлалтай байгаа ч түүхэн тэмдэглэлт өдрөөсөө хол зөрөхгүй гэдгийг АН-ынхан дотроо яриад эхэлжээ.
Уг нь ҮБХ-ны хурлыг нэгдлийг хүсэмжилсэн талууд хамтдаа хийхээр зэхэж буй аж. Тодруулбал, 2020 оноос өмнөх ҮБХ-ны 300 орчим гишүүд болон 2022 оны 6 дугаар сард шинэчилсэн ҮБХ-ны 300 орчим гишүүд гээд нийтдээ хоёр ҮБХ-ны 600 гаруй гишүүдээс гарын үсэг цуглуулж энэ хурлыг хийхээр болжээ. АН-ынхны өнгөрсөн хавар шинэчилж, Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмээр бол ҮБХ-ны нийт гишүүдийн гуравны хоёр нь ҮБХ-г хуралдуулахаар шаардаж гарын үсэг зурсан байх ёстой гэж заасан байдаг юм.
С.Эрдэнэ даргаа өгөхгүй гэж зүтгэж, ҮБХ-ны хурлаа угтаж АН-ынхан баахан бужигнах бололтой
Харин хурлаа хийж, намын нь авах гэж буйд дургүйцсэн С.Эрдэнэ уурласандаа өчигдөр ҮБХ гэгчийг хуралдуулсан гэх сураг байна. Энэ хурлаасаа С.Эрдэнэ АН-ын генсекээр ажиллаж байгаа Ч.Өнөрбаярыг огцруулах гэх мэдээлэл ч сошиалд яваад эхэллээ. Ч.Өнөрбаяр бол эвлэрлийг эрхэмлэж буй ажлын хэсгийн голлох үүрэгтэй талын төлөөлөгч.
Өөрөөр хэлбэл, намынхан нь эвлэрлийг хүсч, намын дүрмээрээ ҮБХ-гоо хуралдуулж, шинэ даргаа огцруулах асуудлыг хөндөхөөр бэлтгэж, нөгөө талд нь С.Эрдэнэ намаа өгөхгүй гэж зүтгэж АН дотор удахгүй баахан хэрүүл гарах бололтой. С.Эрдэнийн энэ үйлдлийг М.Тулгат тэргүүтэй нөхдүүд эсэргүүцэж тун удахгүй "гал" асаана гэх мэдээлэл ч байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын даргаар С.Баярцогтыг тавих санааг Ерөнхийлөгч дэмжиж байгаа. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнхээ энэ үйлдлийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын залуу удирдлагууд нь дэмжихгүй. Учир нь ард түмний хүслээр АН нэгдэх, цаашлаад С.Баярцогт тэргүүлэх нь МАН-д эрсдэлтэй. Тиймээс тэд хамгийн түрүүнд хурлыг нь хийлгэхгүй байх, АН-ыг дахиад зодоонтой байлгахыг хүсч буй тул С.Эрдэнэтэй шууд тулж, элдэв хэрэг төвгөөр нь "барьцаалах"-ыг завах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийг прокурор дээр байгаа хэргээр нь сүүлийн удаа буланд шахаж байгаад АН-ын нэгдлийг үгүй хийх оролдлого юм.
Б.Мягмарсүрэн