Монгол Улсаас гадагш чиглэсэн урсгал "хөл ихтэй" байгаа талаар албаныхан мэдээлдэг. Үүнийг гадаад пасспорт шинээр захиалж буй иргэдийн тоо эрс нэмэгдсэн байдлаас харж болно. Гэвч сүүлийн өдрүүдэд гадаад пасспортын хэвлэлт удааширч, захиалсан хугацаанаас хойшилж ирж байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлэх болов. Эл мэдээллийн дагуу нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилахаар Баянзүрх дүүрэг дэх төрийн үйлчилгээний нэгдсэн төвд очив. Эл цэгт өдөрт дунджаар 250-300 орчим иргэн гадаад пасспорт шинээр захиалахаар ханддаг байна.
Улсын бүртгэлийн хэлтсийн хэсэг бусад нэг цонхны үйлчилгээнээс хамгийн их "үйлчлүүлэгчтэй" нь байв. Дугаарлан зогссон иргэдийн дийлэнх нь "гадаад пасспорт захиалга" гэх цонхонд оочирлоно. Харин түүний эсрэг талд өмнө захиалсан пасспортын олголт явагдаж байв. Гэвч тэнд очсон иргэдийн дийлэнх нь "амжилт" олсонгүй. Дараалан зогссон таван хүний дөрөв нь "Гадаад пасспорт гараагүй байна" гэсээр гарч одно. Иргэдийн зүгээс гадаад пасспорт хугацаандаа ирэхгүй байгаад бухимдаж буйгаа илэрхийлж байв.
-Долоо хоногийн өмнө захиалсан ч өнөөдрийг хүртэл гараагүй байна-
Иргэн: Өнгөрсөн долоо хоногт захиалсан. Хугацааныхаа дагуу авахаар иртэл хэвлэлтээс ирээгүй байгаа гэсэн хариулт өгч байна. Хэвлэлт хийдэг үйлдвэр дээр л доголдол гарсан юм шиг байна. Баасан гараг аль эсвэл ирэх долоо хоногоос гарчих байх гэсэн. Дараагийн удаад утсаар ярьж байгаад л ирэхээс гэж бодож байна. Гэхдээ пасспорт нь гараагүй боловч E дугаар нь гарсан байна. Ингэхээр онгоцны тийз захиалах боломжтой юм.
-Гадаад пасспорт хэвлэлтээс гараагүйгээс визнийхээ материалыг бүрдүүлэхэд хүндрэл учирч байна-
Иргэн: Арав гаруй хоногийн өмнө гадаад пасспортоо захиалсан. Хэвлэлт дээр алдаа гарсан л гэж байна. Ер нь гадаад пасспорт ирэх ёстой хоногоосоо хойшилж ирж байгаа. Би АНУ руу сурахаар явах гэж байгаа юм. Тэгээд визнийхээ материалыг бэлдэхэд гадаад пасспортны дугаар шаардлагатай болоод байгаа. Гадаад пасспорт гараагүйгээс болоод шаардлагатай зүйлсээсээ хоцроод л явж байна. E дугаар нь гарчихсан 100 айл дахь Улсын бүртгэлийн газраас очиж ав гэсэн учраас тийшээ явах гэж байна.
-Дахиад л долоо хоногоор хойшилчихлоо шүү дээ-
Иргэн: Долоо хоногийн дотор гарчихна гэж бодоод өнгөрсөн долоо хоногт захиалсан. Гэтэл дахиад долоо хоногоор хойшилчихлоо. Германаас захисан зүйл нь ирж байж хэвлэлт нь хэвийн ажиллагаанд орно гэсэн зүйлийг хэлж байна. Өнөөдөр гарчихсан байх гэж бодоод иртэл нийтээрээ хойшилчихсон гэж байна. Өнгөрсөн долоо хоногт захиалсан хүмүүсийн пасспорт хэзээ ирэх нь тодорхойгүй байна шүү дээ.
-"Хэвлэлтэд алдаа гарсан. Та долоо хоногийн сүүлээр ирж аваарай" гэж хэлсэн-
Иргэн: Долоо хоногийн хугацаатай захиалсан. Гэхдээ арав хоногийн дараа хэвлэлтээс ирж байна. Өнгөрсөн Даваа гарагт ирээд авах гэтэл "Хэвлэлтэд алдаа гарсан. Та долоо хоногийн сүүлээр ирж аваарай" гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр иртэл овоо гарчхаж. Тэгээд л аваад явж байна.
-Захиалга нь ХЭВИЙН, хэвлэлт нь УДААШРАЛТАЙ-
Өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн гадаад пасспорт захиалга эрс нэмэгдсэн талаар албаныхан хэлж байна. Ингэхдээ захиалж буй иргэдийн дийлэнх нь 18-40 орчим насны иргэд байгаа аж. Хэдийгээр гадаад пасспортын цөөн тохиолдолд хугацаа хойшилж ирэх тохиолдол байгаа боловч бид иргэдийг хохироохгүй гэх байр суурийг Улсын бүртгэлийн мэргэжилтнүүд нь илэрхийлж байв.
-Хэвлэлтэд гарсан асуудал Баасан гараг гэхэд бүрэн шийдэгдээд, олголт жигдэрнэ-
Гадаад пасспортын захиалга, олголт удааширч буй асуудлаар БЗД дэх Улсын бүртгэлийн газрын Дүнжингарав төрийн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга В.Хандсүрэнгээс тодрууллаа.
-Иргэдийн зүгээс гадаад пасспорт олголт удааширсан, хэвлэлтээс ирэх нь удаан байна гэх зүйлийг ярьж байна. Тухайлбал, танай нэгж дээр ч ийм нөхцөл байдал бий болсон нь харагдлаа. Юунаас шалтгаалж удаашрал бий болоод байна вэ?
-Дүнжингарав төрийн үйлчилгээний төвийн улсын бүртгэлийн тасгийн хувьд нэлээдгүй ачаалалтай ажилладаг. Гадаад пасспортын захиалга хэвийн үргэлжилж байгаа. Сошиал орчинд гадаад пасспортын бэлдэц байхгүй байгаатай холбоотойгоор удаашрал үүссэн гэх мэдээлэл гарч байсан. Иргэдийн захиалгыг хэвийн авч байгаа, хуулийн хугацаандаа олголт хийгдээд явж байгаа. Өнгөрөгч хоёр өдрийн тухайд, зарим иргэдийн пасспорт хугацаанаасаа хоцорч ирэх тохиолдол гарсан. Нийтээрээ биш шүү. Манай нэгж дээр л гэхэд өдөрт 250-300 хүн гадаад пасспортын захиалга өглөө гэхэд түүний маш цөөн тооны хүнийх ирээгүй. Энэ нь гадаад пасспортын хэвлэх үйлдвэрт түр зуурын доголдол үүсэж, тухайн мөчид хэвлэлтэд орсон пасспортууд удааширснаас үүдсэн асуудал юм.
Одоогийн байдлаар олголт хэвийн байна. Хэвлэлтэд гарсан асуудал Баасан гараг гэхэд бүрэн шийдэгдээд, олголт жигдэрнэ.
-Гадаад пасспорт нь хугацаандаа ирээгүй хүмүүстээ мэдээлэл хүргэж байгаа юм уу?
-Маш цөөн тооны хүнийх ирээгүй гэж хэлсэн шүү дээ. Эдгээр хүмүүс рүү утсаар холбогдож, товлосон хугацаанаасаа хойшлох талаар мэдэгдэж, мэдээлж байгаа. Мөн сайт, пэйжээр мэдээллийг нээлттэй хүргэж байна. Гадаад пасспорт хэвлэгдэхгүй биш хэвлэгдэж байгаа.
-Улсын бүртгэлийн газраас гадаад пасспортын захиалга эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор хэвлэх үйлдвэрт ачаалал үүсч байна гэх мэдээллийг бас өгсөн. Жишээлбэл, танай нэгж дээр өдөрт хэчнээн хүн гадаад пасспорт захиалж байна вэ. Ачаалал их байгаа юу?
-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаад пасспорт захиалах иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байсан. 2021 оны 12 дугаар сараас захиалга эрс ихэссэн. Хамгийн оргил үе нь 2022 оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл маш өндөр үзүүлэлттэй байгаа. Нийслэлийн хэмжээнд 13 нэгж дээр гадаад пасспортын үйлчилгээг үзүүлдэг. Онлайнаар ч эл үйлчилгээг үзүүлдэг.
Гэтэл зөвхөн манай салбарын тухайд, өдөрт 250-300 иргэн гадаад пасспорт захиалж байна. Бусад нэгжүүдэд ч үүнтэй адил түвшинд захиалга ирж байхыг үгүйсгэхгүй. Захиалгын тоогоор хэвлэх үйлдвэр дээр мөн хэмжээний ачаалал очно гэсэн үг шүү дээ.
-Бид иргэдийг хохироохгүй байх чиглэлд арга хэмжээ, тодорхой зохицуулалт хийж ажиллаж байгаа-
-Гэхдээ пасспорт нь хэвлэгдээгүй ч Е дугаар нь гарчихсан байна гэх мэдээллийг иргэд өгч байсан?
-Гадаад улс руу зорчиход нислэгийн тийз захиалахад гадаад пасспортын Е дугаар шаардлагатай байдаг. Гадаад пасспорт нь хэвлэгдээгүй ч улсын бүртгэлийн мэдээллийн санд орчихсон байгаа. Системд орчхож байгаа гэсэн үг.
-Хэвлэлтэд доголдол гарсантай холбоотой үүсч буй удаашралд гадаад пасспортоо яаралтай авах шаардлагатай иргэд хохироод байгаа юм биш үү. Та бүхэн энэ асуудалд яаж анхаарлаа хандуулж байгаа вэ. Зохицуулалт хийж байгаа юу?
-Хэвлэлтээс гадаад пасспорт нь ирээгүй, 1-2 хоногоор хойшилсон хүмүүсийн дунд гадагшаа яаралтай эмчилгээнд болон олон улсын тэмцээн уралдаанд явах гэж буй аль эсвэл хоёр талын тийзээ хатуу нөхцөлтэйгөөр авчихсан хүмүүсийг огт хохироогоогүй.
Иргэний хүсэлтийн дагуу албан бичиг хүргүүлж, аль болох яаралтай хэвлэж өгөх чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Иргэдийг цаг зав, мөнгө хөрөнгөөр хохироосон зүйл байхгүй. Тодорхой зохицуулалтуудыг хийж ажиллаж байгаа гэдгийг хэлье.
-Манай захиалсан хэвлэлийн хорын бэлдэц цаанаа тасарснаас Германы талаас нийлүүлэлт тасалдсан-
Улсын хэмжээнд гадаад пасспортыг зөвхөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хэвлэх үйлдвэр хэвлэдэг аж. Тэгвэл эл хэвлэх үйлдвэрт ямар доголдол гарсан талаар УБЕГ-аас тодруулахад "Хэвлэх үйлдвэрт доголдол гарсан нь үнэн. Германы онгоцоор асуудлыг маань шийдэх зүйл нь ирэх юм. Тэгээд өнөөдрөөс буюу Баасан гарагаас эхлэн хэвлэлт хэвийн үргэлжлээд жигдрээд явна. Хувийн үйлдвэр байхаа больсон. Улсын бүртгэлийн газарт гадаад пасспорт хэвлэх ганц л үйлдвэр байгаа. Яаралтайгаар гадаад явах шаардлагатай хүмүүсийн өргөдлийг хүлээн авч, пасспортыг нь хэвлэж өгч байна. Өнөөдөр л гэхэд 30-40 хүн манайхаас ирээд пасспортоо аваад явлаа.
Нууцлалтай холбоотой үл үзэгдэгч хор гэж байдаг юм. Герман улс тэр хорынх нь бэлдцийг Орос болон Украинаас захиалж авдаг. Үүнээс шалтгаалан түүхий эдийн тасалдал гарсан юм байна. Манайхаас Герман руу нэг сарын өмнө захиалгаа өгсөн боловч нийлүүлэлт дээр тасалдал үүсгэсэн. Гэхдээ манайхаас тухайн үйлдвэр дээр нь очиж, хороо аваад, онгоцоор явуулах гэж байна гэсэн мэдээлэлтэй байна. Ирэх Даваа гараг гэхэд хэвлэлт тасалдахгүй, жигдрээд явна" гэв.