Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж байсан билээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Эл өдөр өнөөдөр /2023.11.14/ тохиож байна. Тэгвэл Их эзэн Чингис хааны талаар ОНЦЛОХ баримтуудыг бэлтгэн хүргэж байна.
-ӨНӨӨДӨР: Их хааны нэр "авсан" хэчнээн хүн байдаг вэ-
Сонирхуулах үүднээс,Их эзэн Чингис хааны нэрийг авсан хэчнээн хүн байдаг талаар мэдээллийг бэлтгэлээ.
-2022 оны 11-р сарын 22 өдрийн байдлаар "ТЭМҮҮЖИН" гэсэн нэртэй 8,065 хүн байна.
-"ЧИНГИС" гэсэн нэртэй 667 хүн байна.
-"ЧИНГИСХААН" гэсэн нэртэй 2 хүн байна. Өөрөөр хэлбэл, Их эзэн Чингисхаанаас гадна эл нэрээр нэрлэсэн хоёр иргэн Монгол Улсад бий. Гэхдээ "ЧИНГИСХААН" гэдэг нэр 2010 оноос хойш бүртгэгдээгүй байна.
-ЧИНГИС бол "ТЭНГИС"-
"Чингис" гэдэг үгийн гарал нь "тэнгис" гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.
-Чингис хаан 21 жил төр барьсан-
1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, "Чингис хаан" хэмээн цол олгожээ. Чингис хаан 1206-1227 оны хооронд буюу нийт 21 жил төр барьсан байдаг.
-ЧИНГИС ХААНЫ ЭХНЭР, ТАТВАР ЭМС 500 ОРЧИМ БАЙСНААС ТЭРГҮҮН ЗИНДААНЫ ТАВАН ХАТАНТАЙ-
Юань улсын сударт бичигдснээр Чингис хааны дөрвөн их ордонд нийт 40 гаруй хатан, 400 орчим татвар амьдарч байсан хэмээн тэмдэглэсэн байх нь бий. Чингис хааны хатад эхнэрүүдийн дунд их хатан хэмээгддэг тэргүүн зиндааны таван хатан байсан байна Хонгирадын Дай сэцэний охин Бөртэ үжин, Увас мэргидийн Дайр Усуны охин Хулан хатан, Татарын Их Чэрэний охин Есүй, Есүгэн хатан, Жин улсын эзэн хааны охин Гекчжу хатан нар юм.
-Чингис 9 насандаа сүй тавьсан-
Тэмүүжинг 9 настай байхад нь ирээдүйн эхнэр Бөртэтэй уулзуулсан байна. Бэрээ эцэг Есүхэй нь сонгожээ. Тэмүүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон хэмээн үздэг аж. Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
-Чингис 16 насандаа гэрлэв-
Чингис 16 насандаа Бөртэтэй гэрлэжээ. Тэрээр 16 насандаа гэрлэж хоёр омгийг нэгтгэсэн байна. 1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүүжин эхнэр Бөртийг эргүүлэн авав.
-Их хуралдай алив хэрэг заргыг шийтгэхдээ шүүх хурлын эхэнд Чингис хааны “Их засаг” хуулийг уншин сонсгодог байв-
Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль нь “Их засаг” хууль. Уг хууль бидний үед бүрэн эхээрээ уламжлагдан ирээгүй ч бичигдэл хууль байсан гэдэг нь түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.
-“Их засаг” хуульд хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн болон иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ. “Их засаг” хуулийн зарчим эзэнт гүрний хэмжээнд үйлчилж байлаа.
-“Их засаг” нь цэрэг иргэний төрийн шинж чанар хийгээд нүүдэлчин ахуйн өвөрмөц онцлогийг тусгасан хууль гэдгээрээ онцлогтой.
-Шинээр хаан өргөмжлөх Их хуралдай буюу алив хэрэг заргыг шийтгэхдээ шүүх хурлын эхэнд Чингис хааны “Их засаг” хуулийг уншин сонсгодог байжээ. “Их засаг” хууль нь улс орны төрийн болон нийгэм улс орон даяар дагаж мөрдөх хэм хэмжээг заан тогтоосон байдаг.
-СОНИРХОЛТОЙ БАРИМТ: Дэлхийн бүх эрэгтэй хүмүүсийн 0.5 хувь нь ЧИНГИС хааны шууд удмын хүн байх үндэслэлтэй гэнэ-
Олон улсад Чингис хаантай холбоотой олон талын сонирхолтой баримтууд байх нь бий. Тухайлбал, List 25 агентлагт, ОХУ-ын Комсомольская правда сониноос гаргасан нэгэн өгүүлэлд Чингис хааныг Төв Азид 16 сая үр удамтай, “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай биологийн эцэг” хэмээн тооцогддог.
2003 онд хийгдсэн судалгаагаар дэлхий дээр одоо амьдарч буй 200 эрэгтэй тутмын 1 нь Чингис хааных байж болзошгүй “Y” хромосомтой байсан бөгөөд энэ нь дэлхийн бүх эрэгтэй хүмүүсийн 0.5 хувь нь түүний шууд удмын хүн байх үндэслэлтэй гэсэн хэмээн тэмдэглэжээ.
-Чингис хааны алтан ургийг 20 дугаар зуун хүртэл бүртгэж байсан-
Чингис хааны алтан ургийг 20 дугаар зуун хүртэл бүртгэж байсан. 1918 онд Богд хаан Монголын хан, ноёдын гэр бүлийн бүртгэлийг хадгалах зарлиг буулгаж байжээ.
-ЧИНГИС хааны үхэлтэй холбоотой ТААМАГЛАЛУУД-
1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалтгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг. Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад, хулан авлаж байхдаа мориноос унаснаас өвчин үгдрэхэд нөлөөлж, өнгөрсөн гэж үздэг. Харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна.
Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдун ууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна.
Албатууд замдаа их хааны үхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бүхнийг хүйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч түүний амар амгаланг бүү алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бүх зарц боолыг хүйс тэмтэрсэн хэмээн нууц товчоонд тэмдэглэсэн байх нь бий.
Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хүртэл эрсээр байна.
-АЛТАН УРГИЙН СҮҮЛИЙН ХААН: ЛИГДЭН-
Буян цэцэн хааны хүү Мангус тайжийн хүү 1592 онд төрж 1604 онд хаан сууж 32 жил төрийг бариад 1634 онд нас баржээ. Чингисийн удмын хамгийн сүүлчийн хаан тэрбээр Цахар түмний нутагт амьдралынхаа сүүлийн жилүүдэд сууж тэндээс улс орноо өвөг дээдсийн уламжлалыг баримтлан удирдаж байсан. Лигдэн хаан Ар, Өвөр Монгол зүүн гарын хаант улсыг захирч байжээ.
-ЧИНГИС ХААНЫГ МЯНГАНЫ СУУТ ХҮНЭЭР ТОДРУУЛАВ-
Дэлхийн сэтгүүлзүйн түүхэнд "Узтергейтийн хэрэг" гэх зэрэг дуулиант нийтлэлүүдээрээ алдаршиж шинэ сэргэг, хурц зоримог санаа дэвшүүлэх талаараа зөвхөн АНУ-ын ард түмний төдийгүй, хүн төрөлхтөний анхааралд аль хэдийнэ орсон "Вашигтон пост" сонин 1995 онд аугаа их Чингис хааныг хоёрдугаар "Мянганы суут хүн"-ээр тодруулжээ.
-ЧИНГИС ХААН ОДОН олгох санаачилгыг 2004 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гаргаж байв-
Чингис хаан одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Эл өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг шагнахаар 2004 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ.
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
- 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
- 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
- 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
- 2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
- 2022 онд АНУ-ын монголч эрдэмтэн доктор, профессор Жэк Уэтерфорд болон Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нар
- 2023 онд Морин хуурын чуулгад хүртээхээр болсон.