Нийт хүн амыг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулах ажил эхлээд зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд хагас сая хүн хамрагджээ. Хагас сая иргэнээ эрт илрүүлэгт хамруулж чадсан нь чамлахааргүй үзүүлэлт. Гэвч эрт илрүүлгийн ажлаа эхлүүлэхдээ зохион байгуулалтын хувьд нарийн төлөвлөөгүйгээс үүдсэн зарим нөхцөл байдлууд өнөөдөр иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Тухайлбал, зарим дүүрэг өдөрт хороо бүрээсээ 1-2 хүний нэрийг авч, эрт илрүүлэгт хамруулж байна. Үүний нэг жишээ нь Чингэлтэй дүүрэг. Нэг сая гаруй хүн амтай нийслэл хотын дүүргүүдээс эрт илрүүлгийн хамрагдалт хамгийн сул байгаа дүүргүүдийн дунд эл дүүрэг “толгой” цохиж байна. Хүн амын суурьшил, төвлөрөл ихтэй тус дүүрэгт эрт илрүүлгийн явц юунаас шалтгаалж ийм удаашралтай явагдаж байна вэ гэдэг ч анхаарал татаж байна. Тэгвэл эрт илрүүлгийн явц, ачаалал, үүсч буй хүндрэл зэргийн талаар сурвалжиллаа.
-"ГҮВҮ САЙВА" ӨЭМТ: Эрт илрүүлгийн явцыг ЭРЧИМЖҮҮЛ гэх чиглэлийн дагуу ажиллаж л байна-
Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо. Өрхийн эмнэлгийн хоёр давхарт эл хуль оргино. Хаа нэг ханиадтай бололтой хүүхдээ тэвэрсэн ээж, аавууд л коридорт холхиж харагдлаа. Эмнэлгийн удирдлагаас эрт илрүүлгийн явцын талаар тодруулах гэсэн боловч “Манай дүүрэгт эрт илрүүлгийн явц муу байна. Эрчимжүүл гэсэн чиглэлийн дагуу л ажиллаж байгаа” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.
-“ТАНЫ ИТГЭЛ” ӨЭМТ: Эрт илрүүлгийн бүртгэл долоо хоногийн өмнөөс ТҮР ЗОГССОН-
Дараагаар бид Чингэлтэй дүүрэгт хүн амын тоогоор дээгүүрт тооцогдох хороодоор нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжлахыг зорив. Ийнхүү явсаар тус дүүргийн 7 дугаар хорооны "ТАНЫ ИТГЭЛ" өрхийн эрүүл мэндийн төвд ирлээ. Тус хорооны хувьд 0-18 насны хүүхдүүдийг өрхийн эмнэлэг болон сургууль цэцэрлэгээр нь очиж эрт илрүүлэгт нь хамруулж байгаа бол 18-30 насныхныг ЭХЭМҮТ-д хамруулж байгаа гэдгийг хэлж байлаа. Харин эл хорооны хувьд гол үүсч буй асуудал нь 30-аас дээш насныхны үзлэг шинжилгээ, эмнэлгийн хүртээмж, оочир дараалал дээр гарч буй талаар өрхийн эмч нь хэлж байлаа. Энэ байдлаас шалтгаалан эрт илрүүлгийн бүртгэлийн ажлыг түр зогсоогоод байгаа гэнэ.
-ЧД-ийн ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ хороодоос өдөрт нэг л хүний нэрийг авч, эрт илрүүлэгт хамруулж байна-
Энэ талаар “Таны Итгэл” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Мягмарсүрэн “Манай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд бүртгэлтэй 12500 өрх бий. Одоогийн байдлаар 590 орчим хүний нэрийг бүртгүүлсэн. Гэхдээ эрт илрүүлгийн бүртгэлийг долоо хоногийн өмнөөс түр зогсоогоод байна.
Өдөрт дүүргийн эрүүл мэндийн төв дээр нэг хорооноос нэг л хүн авч байгаа. Өөрөөр хэлбэл, бүртгүүлсэн 590 хүнээс 30-аас дээш насны иргэдийг өдөрт нэг нэгээр л эрт илрүүлэгт нь хамруулж байна гэсэн үг. Одоогоор 90 хүн л эрт илрүүлэгтээ хамрагдаад байна. 18-30 насны иргэд ЭХЭМҮ-т дээр очиж, шинжилгээндээ хамрагдах боломжтой. Энэ насныханд ямар оочир дараалал үүсэж байгаа зүйл байхгүй. Харин 30-аас дээш насны эрт илрүүлэгт зарим асуудлууд бий. Тухайлбал, өдөрт хорооноос нэг л хүнийг хамруулж байгаагаас оочир дараалал удаан хугацаагаар хүлээгдэх, иргэд бухимдах зэрэг асуудлууд гарч байна” гэлээ.
Эмчийн ярианаас харвал, асуудал үүсч буй хэсэг бол 30-аас дээш насныханд зориулсан насны багц. Гэхдээ энэ насны иргэдийг хамруулахаар төлөвлөсөн газар нь Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв. Асуудал ачаалалд уу аль эвсэл өөр зүйлд үү гэдгийг дараагийн хэсгийн тодруулгаар бид хүргэх болно.
-"ШЭЖИД ДҮГ" ӨЭМТ: Зургаан сараас хойш эрт илрүүлэгт хамрагдаж чадаагүй хүмүүс ч байна-
Харин бусад өрхийн эрүүл мэндийн төвд үүнтэй ижил нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулахаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороог зорив. Хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор тус хороонд эрт илрүүлэгт хамрагдах хүсэлтэй иргэд их байна. Гэвч хэт их хүлээгдлээс үүдэн зорьж ирсэн ч хамрагдахаас цааргалаад яваад өгөх тохиолдол ч байгааг өрхийн эмч Б.Лхагвадулам учирлаж байв.
-Танай хороонд хэчнээн хүн амтай вэ. Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдахаар хандсан болон хамрагдчихсан хүний тоо хэд байна вэ?
-Манай хороо 18 мянган хүн амтай. Ачаалалтай хороодын нэг. Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүн 140 орчим байна. Өдөрт дүүргийн эрүүл мэндийн төвөөс нэг хүний л нэр авдаг. Шинжилгээнд орохоор 382 хүн бүртгүүлчихсэн байна.
-Эрт илрүүлгийн бүртгэл хэвийн үргэлжилж байгаа юу. Зарим хороод түр зогсоосон гэх мэдээллийг өгч байна?
-Манай хорооны хувьд ямартай ч хамрагдахаар хандсан иргэдийн нэрийг бүртгээд авч байгаа. Гэхдээ долоо хоногт таван хүн л дүүрэг рүү очиж эрт илрүүлэгт хамрагддаг учраас хүлээгдэл их байгаагаас үүдэж, энэ ондоо багтааж таныг оруулж өгч чадна гэж хэлж чадахгүй шүү гэдгээ хэлээд явуулдаг. Зарим хүмүүс нь нэгэнт хамрагдах юм чинь бүртгүүлье л гэдэг. Харин зарим нь бүтэхгүй юм байна гэж хэлээд уурлаад гараад явах хүмүүс ч байна.
-Бүртгүүлчихсэн мөртлөө хамрагдаж чадаагүй байгаа хүмүүсийн хүлээгдэл хэр удаан хугацаанд үргэлжилж байна вэ?
-Бүртгэлээсээ харвал, зургаадугаар сард бүртгүүлсэн хүмүүс хүртэл эрт илрүүлэгтээ өнөөдрийг хүртэл хамрагдаж чадаагүй байгаа тохиолдол байна. Өдөрт нэг хүнийг хамруулахаар нэр авч байгаа учраас бидний зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаггүй, шинжилгээ өгч үзээгүй гэх мэт хүмүүсийн нэрийг явуулахыг урьтал болгож байгаа. Гэнэт өвдөөд ирж байгаа хүмүүс ч бий. Маш их хүлээгдэл үүсчихсэн л байна. Энэ хэрээр ард иргэд дургүйлхсэн байдалтай байгаа.
-31-ээс дээш насныхны эрт илрүүлгийн багц дээр хүлээгдэл удаан хугацаанд үүсч байгаа тал дээр дүүргийн эрүүл мэндийн төвөөс эргээд мэдэгдсэн зүйл бий юу. Ер нь хүлээгдэл их байгаа нь юутай холбоотой гэж харж байна вэ?
-Манай дүүргийн хувьд зөвхөн эрүүл мэндийн төв дээрээ шинжилгээ авч байгаа. 19 хорооноос өдөрт 19 хүн л очиж, эрт илрүүлэгт хамрагдаж байна.
Ялангуяа 31-ээс дээш насныханд ходоодны дурантай багц байгаа. Тухайн ходоодны дуранг дүүргийн эрүүл мэндийн төвд хийдэггүй. Хувийн эмнэлгүүдэд хийж байгаа. Оочир дараалал нь их байгаа учраас иймэрхүү хүлээгдэл үүсчихсэн. Бусад дүүргүүдийн хувьд нэгэн зэрэг олон эмнэлэгт шинжилгээнүүдээ авчихаж байгаа юм билээ. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн хэмжээнд эрт илрүүлгийн хамрагдалт бага хэрнээ хүлээгдэл их үүсчихсэн байгаа.
-Хүлээгдэл их байгаагаас иргэд эрт илрүүлэгт хамрагдахаас цааргалж байна-
Өдөрт 7 хоногт таван хүн гэж үзвэл сард 20 орчим хүн л эрт илрүүлэгт хамрагдахаар дараагийн шатны эмнэлэгтээ хандаж байна. Хэрэв “яст мэлхийн” хурдаараа урагшилна гэвэл тус 12-р хороо дээр л гэхэд бүртгүүлсэн 380 гаруй хүнээ хамруултал жил дамнах нь дамжиггүй. Харин дахин нэмж бүртгүүлэх иргэд нь оочир дарааллаа хүлээвэл магадгүй хэдэн жил ч хүлээх бололтой.
Харин эмч нарын зүгээс дүүргийн эрүүл мэндийн төв дээр дурангийн эмч байхгүй байгаагаас дурантай багцын шинжилгээнд хамрагдах иргэд гэрээтэй хувийн эмнэлгүүд рүү нь очиж, хамрагдаж байгаад асуудал байна хэмээн харж байгаа талаараа хэлж байлаа.
-ЧД-ийн Эрүүл мэндийн төв: Дурангийн эмч олдохгүй байна, олдвол өдөрт хамрагдах иргэдийнхээ тоог нэмэгдүүлэх боломжтой-
Ингэхдээ эрт илрүүлэгт хамгийн идэвхтэй хамрагдаж буй насныхан боллох 31-ээс дээш насныхны өдрийн хамрагдалтын “квот”-ыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгвэл бид хамрагдалт болон хүлээгдэл их байгаагийн шалтгаан, ойрын хугацаанд үүсээд буй нөхцөл байдалд ямар зохицуулалт хийх талаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Танай дүүрэг эрт илрүүлгийн ажлыг ямар ямар эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байна вэ?
-Манай дүүргийн хувьд иргэдээ улсын төв нэгдүгээр эмнэлэг, Номун эмнэлэг, ЭХЭМҮТ болон дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв гэсэн газруудад эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж байгаа.
-Зарим хороодод эрт илрүүлгийн бүртгэлийг түр зогсоосон гэх зүйлийг хэлж байна. Түүнчлэн эрүүл мэндийн төв дээр өдөрт 1-2 хүнийг л эрт илрүүлэгт хамруулж байгаатай холбоотой хүлээгдэл их үүссэн талаар хэллээ. Цаашид энэ байдалд хэрхэн ажиллах юм бэ. Танай дээр дурантай багц дээр асуудал үүсээд байгаа гэх мэдээлэл байна?
-Гол үүсээд байгаа ачаалал нь дурантай багц дээр байгаа. Манай эрүүл мэндийн төв дээр дурантай шинжилгээ хийгдэхгүй байгаа. Энэ нь дурангийн эмч тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаатай холбоотой. Тэгэхээр эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМЯ-тай холбогдох хурлуудыг хийсэн. Төгсөлтийн дараах албаар дамжуулаад дурангийн эмчтэй болох хүсэлтийг мэргэжлийн холбоодод нь тавих чиглэлээр ажиллахаар болсон.
Хөдөлмөрийн зах зээл дээрээс дурангийн эмч хайгаад 3-4 сар болж байна. Манай дээр ирсэн эмч нар маань хэсэг хугацаанд ажиллаж байгаад хувийн эмнэлэгт ажиллах сонирхолтой байна гээд гарах тохиолдол байна.
-Одоо дурантай багцын шинжилгээ нь үргэлжилж байгаа юу. Аль эсвэл бүр хийгдэхгүй байгаа юм уу?
-Хатагтай, Мангууд зэрэг хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулж, дурангийн үзлэгийг тасалдуулахгүйгээр зохион байгуулж байна. Өдөрт хоёр хувийн эмнэлэгт нийт 30 хүнийг хамруулж байна. Дурантай багцын үйл ажиллагаа зогсоогүй. Эрүүл мэндийн төв дээр байгаа дурангаа тавдугаар сар эхэлснээс хойш 14 хоног л ажиллуулаад хүний нөөцийн асуудлын улмаас өнөөдрийг хүртэл ажиллуулаагүй. Иргэдийн ойлгож байгаа шиг дурантай багц хийхгүй байгаа асуудал байхгүй. Хэвийн л үргэлжилж байгаа.
-Хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байгаа хэрнээ өдөрт эрт илрүүлэгт хамруулж буй хүний тоогоо нэмэгдүүлэх боломж хомс байгаад нөлөөлж буй өөр хүчин зүйл юу байна вэ?
-Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд нийт 13 орчим нэгж дээр эрт илрүүлэг нь явагдаж байна. Тэгэхээр хувийн эмнэлгүүд маань бүсчлэлээр аль дүүргүүдэд түлхүү байна вэ гэдгийг харах нь зөв. Тиймээс энэ чиглэл дэх зохицуулалтыг дүүрэг, бүсийн хэмжээнд өөр байдлаар хийх шаардлага үүсээд байгаа. Үүнийг ЭМЯ-нд хэлсэн.
-Дурангийн багцтай шинжилгээг дурангийн эмчтэй болж, дүүргийн эрүүл мэндийн төв дээрээ хийдэг болчихвол өдөрт хамруулах хүний тоогоо нэмэх боломжтой гэж харж байна уу?
-Боломжтой гэж харж байгаа.
-Чингэлтэй дүүрэгт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ЭМЯ хурал хийжээ-
Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүрэгт эрт илрүүлгийн явц сул байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг оролцуулсан хурлыг ЭМЯ хийжээ. Хурлаар эрт илрүүлгийн сул байгаад салбар яамны зүгээс бухимдсан гэх мэдээлэл ч байна. Харин эмч нарын зүгээс хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах зохион байгуулалтын бүсчлэлийг бий болгох, зарим улсын эмнэлгийг дайчлах зэрэг хэд хэдэн саналуудыг дэвшүүлсэн гэнэ.
-ХУРЛААР ЯМАР ШИЙДЭЛ ЯРИГДАВ: Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг болон АШУИС-ын харъяа төв эмнэлгийг “дайчилна”-
Улсын хэмжээнд эрт илрүүлгийг 30 хувь хүргэх зорилтыг тавьжээ. Дүүргүүд өдөрт хамруулах хүнийхээ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. ЭМЯ-нд болсон хурлаар Чингэлтэй дүүрэгт эрт илрүүлгийн эрүүл мэндийн байгууллагуудыг нэмэгдүүлэх талаар холбогдох ажлуудыг дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болжээ.
Ингэхдээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг эрт илрүүлэгт хороо хариуцуулах оруулах саналыг дүүргийн Эрүүл мэндийн төвөөс тавьсныг ЭМЯ дэмжиж, цааш нь уламжилахаар болжээ. Хоёрдугаарт, АШУИС-ийн төв эмнэлгийг эрт илрүүлэгт татан оролцуулахад ЭМДЕГ-тай тусгайлсан гэрээ байгуулж ажиллах талаар ярилцахаар болжээ.
Хэрэв тус дүүргийн саналаар тухайн хоёр эмнэлгийг эрт илрүүлэгт “дайчилж” чадвал хүчин чадал энэ хэрээр нэмэгдэж, өдөрт хамрагдах иргэдийн тоо ч өсөх юм.
Ийм байдлаар зохион байгуулалт хийвэл эрт илрүүлэг "нохойн замаар" орох нь