Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Энхманлай: Тэргүүн байр эзэлсэн гэдгээ мэдээд хамгийн түрүүнд аав руугаа залгаж илтгэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 39 секунд

Улсын хэмжээнд зохион байгуулсан "ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2022" тэмцээнд багийн ахлагчаар оролцож тэргүүн байр эзэлсэн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Энхманлайтай цөөн хором ярилцлаа.

Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж буйд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байцгаана уу? Намайг Энхтайван овогтой Энхманлай гэдэг. Би 1999 онд Улаанбаатар хотод төрсөн. 2016 онд Хууль сахиулах их сургуульд элсэн орж 2019 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст, 2020 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст 2021 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст, 2022 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст тус тус томилогдон ажиллаж байна.

Та бага насныхаа дурсамжаасаа хуваалцахгүй юу, багадаа ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг байв?

Багаасаа л цагдаа болно гэж боддог байсан. Яагаад вэ гэхээр аав маань цагдаагийн алба хаагч байсан. Өвөө маань хүртэл цагдаагийн алба хаагч байсан. Өвөө, аав, хүү гурав удам дамжсан алба хаагчид шүү дээ. Ховор тохиох аз гэх юм уу даа. /инээв/

Намайг бага байхад 2004 он хавьцаа байх аав маань гэртээ байж байгаад л хамгаалалттай болчихлоо гээд яараад гараад явдаг байсан. Тэр үед нь би цуг дагаад машинд нь суучихна. Тэгээд аав маань уулзвар луу ороод машинуудыг зогсоогоод хамгаалалт гаргадаг байсан тэр үеэс л аавыгаа хараад гоё санагдаад цагдаа болно гэж боддог болсон доо.

Өвөө нь бас цагдаа байсан гэхээр сонирхолтой санагдлаа замын цагдаа байсан юм уу?

Үгүй ээ. Тухайн үед 1968 онд замын цагдаа гэж албан тушаал байгаагүй байх аа. Өвөөг маань Э.Балжинням гэдэг 1947 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1968-1975 оны хооронд Налайх хотын Цагдан сэргийлэх ангид Сэргийлэгчээр ажиллаж байсан гэсэн. Намайг бага байхад өвөө маань бурхан болчихсон болохоор сайн мэддэггүй юм.

Удам дамжсан алба хаагч болж аавынхаа мэргэжлийг өвлөнө гэхэд аав тань яаж хүлээж авсан бэ?

Би багадаа техникт дуртай хүүхэд байсан учир ахлах ангидаа оролгүй шууд ШУТИС-ийн харьяа МСҮТ-д автын засварчнаар суралцаж төгсөөд Механик инженерийн сургуульдаа Автын инженерээр үргэлжлүүлэн суралцах уу? эсвэл Хууль сахиулах их сургуульд элсэн орох уу? гэсэн сонголт гарч ирсэн. Тэгэхэд аав маань цагдаа болоод яах юм бэ? миний хүү цаг наргүй, хэцүү ажил гэж хэлж байсан. Гэхдээ дотроо бол өөрийнх нь мэргэжлийг өвлөх гэж байгаад баяртай байсан юм шиг байна лээ. /инээв/

Хууль сахиулах их сургуульд элсэн ороод хээрийн сургалтад /карантин/ явсан юм. Тэгэхэд аав минь 14 хоног надтай утсаар яриагүй, холбоогүй байж байгаад эргэлтээр ирэхэд нь би сонсогч хувцастай аавдаа илтгэл өгч ёслоход аавын минь нүдэнд нулимс цийлгэнэж, бахархсан харцаар намайг харсан. Тэр харц одоо ч нүдэнд тод харагдаж байна.

Одоо харин аав маань намайг цагдаа болсонд надаас ч илүү баяртай байдаг. /инээв/

Аавынхаа талаар ярихгүй юу? “Уран зохицуулагч тэмцээнд 3 жил дараалан оролцож 3 удаа тэргүүн байр эзэлж байсан гэсэн?

Миний аавыг Б.Энхтайван гэдэг. 1987-1989 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа 0230-р тусгай ангид байлдагч сэргийлэгчээр алба хааж 1989 улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын хамгаалалтын тасагт сэргийлэгчээр орж ажиллаад 2012 онд Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас ахлах ахлагч цолтойгоор цэргийн байнгын тэтгэвэртээ суусан. 25 жил цагдаагийн байгууллагад зүтгэсэн хүн бий.

2000, 2001, 2002 онуудад “Уран зохицуулагч” тэмцээнд оролцож 3 жил дараалан тэргүүн байр эзэлж байсан. Аав маань их уран гоё зохицуулдаг байсан гэж хамт ажиллаж байсан хүмүүс ярьдаг юм. Тухайн үед одоогийнх шиг ийм их автомашин, хөдөлгөөний ачаалал байдаггүй байсан. Аавыг зохицуулалт хийхэд явган зорчигч болон жолооч нар хараад зогсчихдог байсан гэсэн. Одоо ч аавтай маань хамт ажиллаж байсан алба хаагчид хэлдэг юм, замын голд бараг л бүжиглэдэг байсан, шүгэл үлээж байгаа нь хүртэл уянгалаг байсан гэж. Аавтай минь нэгэн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс одоо ч аавыг маань магтаж ярихад нь маш их бахархдаг. Цагдаа болсондоо тэр тусмаа замын цагдаа болсондоо маш их баярладаг. Магадгүй цагдаагийн алба хаагч болоогүй байсан бол аавынхаа энэ олон сайхан түүх, дурсамжийг мэдэж чадахгүй байсан шүү дээ.

Та бас энэ жил Шилдэг зохицуулагч-2022” тэмцээнд оролцож “Тэргүүн байр” эзэлсэн шүү дээ юун түрүүнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Миний хувьд” Шилдэг зохицуулагч” тэмцээнд анх удаа ороод багаараа тэргүүн байр эзэлсэн. Аав минь энэ тэмцээнд орсон анхны жилээ бас тэргүүн байр эзэлж байсан. Би ч бас анх удаа оролцоод Тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Гэхдээ энэ тэмцээн багийн тэмцээн. Манай багт цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Ганбаяр, цагдаагийн ахлагч Б.Сайнхүү бид 3 нэг баг болон оролцсон. Энэ тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжийн 1 зохицуулагч, 2 цагдаа зохицуулагч нийт 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд нийт 34 багийн 102 алба хаагч оролцож, хурд хүч, эрдэм мэдлэгээ сорин 9 төрлөөр өрсөлдсөнөөс манай баг нийлбэр дүнгээр 10 онооны илүүтэйгээр Тэргүүн байр эзэлсэн.

Аав нь энэ тэмцээнд оролцож байсан туршлагатай юм чинь ааваасаа зөвлөгөө авсан л биз дээ? Хэр бэлтгэлтэй оролцов?

Аавдаа тэмцээнд оролцох гэж байгаагаа хэлээгүй. Дэндүү их найдлага тавьчих байх, магадгүй анхны жил туршлагагүйтээд амжилт гаргаж чадахгүй урмыг нь хугалчих байх гэж бодоод хэлээгүй юм. Тэмцээнд 7 хоног бэлдээд оролцсон. Тэмцээн 2 өдөр үргэлжлээд Тээврийн цагдаагийн алба дээр дүнг танилцуулж манай баг Тэргүүн байр эзэлсэн гэдгээ мэдээд хамгийн түрүүнд аав руугаа залгаж илтгэсэн. Аавын минь хоолой зангираад маш их баярласан. Ер нь цол, шагнал шагнагдахаараа хамгийн түрүүнд аав руугаа залгаж илтгэдэг. Аав минь энэ албанд зүтгэж байсан, үнэ цэнийг нь мэддэг учир их ач холбогдол өгдөг.

Аав минь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст 11 жил ажиллаад цэргийн гавьяаны амралтаа авч байсан. Аавынхаа ажиллаж байсан газар ажиллаж, оролцож байсан тэмцээнд нь амжилттай оролцсондоо маш их баяртай байна.

Аавынхаа ажлыг өвлөж, адилхан алба хааж байна. Аав нь хэр зааж зөвлөж байна.

Мэдээж тодорхой хэмжээнд зөвлөгөө авалгүй яах вэ. Анх цагдаа болчхоод ааваасаа дохиур модоо хэрхэн зөв барих уу, яаж зохицуулалт хийх зэргийг асууж, зөвлөгөө авч байсан. Харин намайг хамгийн анх Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст томилогдон очиход цагдаагийн ажлыг зааж сургасан багш маань бол цагдаагийн ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ багш, офицер болоход цагдаагийн ахмад Ц.Эрдэнэбат багш нар маань нарийн ширийн зүйлсийг зааж сургаж байсан. Энэ хоёр багш маань хоёулаа аавтай минь цуг ажиллаж байсан, намайг цэцэрлэгт байхаас минь мэддэг хүмүүс учир ааваас минь ялгаагүй зааж зөвлөдөг.

Ярилцсанд баярлалаа.

ЗГ: Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр Самурай бондын эргэн төлөлт хийх мөнгийг бүрдүүлж чадлаа
ЗГ: Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр Самурай бондын эргэн төлөлт хийх мөнгийг бүрдүүлж чадлаа
 
Ази, Африкийн орнуудын мал эмнэлгийн оношилгооны лабораторуудын зохицуулалтыг хангах олон улсын хуралд оролцлоо
Ази, Африкийн орнуудын мал эмнэлгийн оношилгооны лабораторуудын зохицуулалтыг хангах олон улсын хуралд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.