Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Алтанхөлөг: Хөлний бэртлээсээ болж багийнхаа амжилтаас хойш чангаах вий гэх АЙДАС байсан ч ард нь амжилттай гарсан

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
10 минут 54 секунд

ХБНГУ-Брауншвэйг хотод зохион байгуулагдсан бүжгийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцсон Moon Dance хамтлаг мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн. Тэгвэл тэднийг эх орондоо ирээд байхад нь баярт мөчийнх нь сэтгэгдлийг сонсож, найман жил ДАШТ-д тасралтгүй оролцсоны дүнд авч чадсан "хүлээлтийн"-х нь талаар тус хамтлагийн тамирчин, бүжгийн спортын ОУХМ Б.Алтанхөлөгтэй ярилцлаа.

Ташрамд дурьдахад, "Moon Dance" хамтлаг анх байгуулагдаж байсан цагаас хойш бүрэлдэхүүнд багтаж байсан тамирчдын 50 хувь нь өнөөдрийг хүртэл хамтлагтаа бүжиглэж байгаа. Тэдний нэг нь Б.Алтанхөлөг юм.

-Юун түрүүнд удаан хүлээлгэсэн амжилтын эзэн болсон явдалд дахин баяр хүргэе. Та бүхний тэмцээний үеийн сэтгэл хөдлөл бараг л үзэгчдийг тэнд аваачсан шүү?

-Энэ жилийн тэмцээний сэтгэл хөдлөл үнэхээр тултал байж чадлаа. Маш олон жилийн турш санаж, зорьсон, тэмүүлсэн медалийн эзэд болсон учраас сэтгэл өндөр байна. Та бүхэн бичлэгээс үзсэн байх. Бүгдээрээ л хөл нь газар хүрэхгүй баярласан. Тухайн цаг мөч бол амьдралд ховор тохиох мөчүүдийн нэг байсан.

-Монголоос бэлтгэлээ хэр сайн хангаж явсан бэ. Германд очиж хэсэг хугацаанд дахин бэлтгэл хийх шиг болсон?

-Бид шинэ бүжгийн дэглэлтдээ наймдугаар сар гараад орсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ арванхоёрдугаар сард зохион байгуулагдана гэж тооцож төлөвлөгөөгөө гаргасан байсан боловч тов нь наашлагдсан учраас бэлтгэлээ шахуу хуваарьтайгаар эхэлсэн. Шинэ бүжиг, шинэ бүрэлдэхүүн хоёр сар гаруйн хугацаанд шинэ дэглэлттэй бүжгээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэнэ гэдэг бол маш том амжилт гэж харж байна.

-Гадаадын дасгалжуулагчтай ажилласан байсан?

-Тиймээ. Германы бүжгийн спортын дээд лиг гэж байдаг. Тухайн лигийн багийн дасгалжуулагч нь биднийг зааланд бэлтгэл хийх боломжоор хангаж өгсөн. Бид тэнд очоод 8 хоногийн бэлтгэл хийсэн. Германы багтай цуг хамтарсан бэлтгэл хийсэн. Герман болон Ирландын хоёр дасгалжуулагчтай ажилласан.

-ДАШТ-д сүүлийн жилүүдэд тасралтгүй өндөр амжилтуудыг үзүүлж байгаа хамтлаг. Энэ удаагийн хувьд хамтлагийн бүжиг дэглэлт илүү ондоошил тал руугаа агуулгыг гаргасан гэж дасгалжуулагч хэлж байсан?

-Энэ жилийн хувь Тонн Гритон дасгалжуулагчийн хувьд харсан өнцөг нь, Герман болон Оросыг дагасаар тэдний олон жил хийгээд ирсэн бүжгийг бид хийгээд амжилт олохгүй. Тиймээс зөвхөн Монгол тамирчин л хийж чадах ур чадварыг бид харуулахыг зорьсон. Бүжиг дэглэлт маань ч үүнд суурилсан. Ая, хөгжим Монгол хүн сонсоход огшихуйц дуу авианууд орсон. Тухайлбал, хөөмий, чонын ульж буй дуу гэх мэт. Бүжиг дэглэлтийн хувьд онцгойрч чадсан гэж бодож байгаа.

-Бэлтгэлд орохоос авхуулаад тайзан дээр гарах хүртэлх хугацаанд баг сэтгэлзүйн хувьд хэр нэгдэж, тогтворжиж чадав?

-Бүх тамирчны хувьд сэтгэлзүй гэдэг зүйл маш чухал байдаг. Ялангуяа багийн тамирчдын хувьд олон хүмүүс байгаа учраас тэр бүр сэтгэлзүйг нь нэгтгэнэ гэдэг маш том шалгуур байдаг л даа. Монголд байх хугацаанд тухайн сэтгэлзүйг нэгтгэхэд жаахан төвөгтэй байдаг. Учир нь энд тамирчин бүр өөрийн хувийн ажил, амьдралтай байдаг учраас тэр. Бодол санаа нь олон зүйлд сатаардаг. Төвлөрч чаддаггүй гэсэн үг. Тэмцээн болох газраа 10 хоногийн өмнө очиж бэлтгэлээ хийнэ гэдэг нь цаанаа сэтгэлзүйгээ тэнд аваачиж, бүх асуудлуудаасаа холдуулж, гол зорилго дээрээ төвлөрч чадсан. Бараг л өдөр нь бодож, шөнө нь зүүдэлж, өглөөнөөс орой хүртэл бэлтгэлээ хийж, түүнийхээ бичлэгийг үзэж анализ хийх циклд орж байж бид юунд, яах гэж оролцож байна вэ гэх сэтгэлзүйгээ олж авч чадсан. Тэмцээний өдрийн сэтгэлзүй ч маш чухал.

Өглөөнөөс авхуулаад дасгалжуулагч багш маань "Энэ өдөр бол бусдад хайрыг түгээх өдөр. Бид энд ирсэн бусад гаднын тамирчид, багийнханд хайрыг хүргэнэ" гэж хэлж байсан. Бүгд тэмцээн болох газраа очихдоо бид ганцхан би биш, би бол багийн нэг гишүүн гэдэг рүү өөрсдийгөө шилжүүлсэн. Багийн сэтгэлзүйгээ нэгтгэсэн юм уу даа.

-ДАШТ-д өвдгөндөө бэхэлгээтэй оролцож ард нь амжилттай гарсан-

-Таны хувьд хамтлаг анх байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл бүжиглэж байгаа тамирчдын нэг. Шинэ бүрэлдэхүүн бүрдсэн байгааг харж байна. Шинэ залуу гишүүдээ багтаа уусгаж, хамтран ажиллахад хэр байв?

-Талаас илүү хувьд нь багт олон жил бүжиглэж ирсэн тамирчид байгаа. Тиймээс шинэ бүрэлдэхүүнийг багтаа уусгаж, сэтгэлзүйг нь түлхэж өгөх чухал. Ямар ч багийн спортод хуучин тамирчид нь багийн шинэ гишүүддээ хурдан хугацаанд суралцах боломжийг нь олгодог. Энэ удаагийн тэмцээний хувьд ч шинэ тамирчдынхаа сэтгэлзүй, бие бялдар гээд бүх зүйл дээр нь хамтарч ажиллаж чадсан гэж бодож байгаа.

-Таны хувьд бэртэлтэй мөртлөө ДАШТ-д оролцоод ирсэн гэж сонссон. Бэртэл нь хэр хүнд байсан юм бэ. Бүжиглэхэд хүндрэлтэй байв уу?

-Өнгөрсөн жил нэг хөлдөө бэртэл аваад, хагалгаанд орсон. Энэ жил нөгөө хөлөндөө бэртэл авсан. Тэгээд хагалгаанд орохгүйгээр эдгээх боломжтой гэх дүгнэлт дээр эмч маань хүрсэн учраас хагалгаанд орохгүйгээр бэлтгэлдээ орсон. Өвдөгний чагтан холбоосны бэртэл авсан. Бэлтгэлээ хийж байх хугацаанд хоёр удаа бэртлээ сэдрээсэн. Чагтан холбоос өөрөө урагдхаараа өвдөгний үе сул болчихдог юм билээ. Жижиг жижиг контактаас болоод өвдөгний үе мултрах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Бэртэл сэдрэх үед өвдөг нугарахаа больчихдог.

Энэ жил ДАШТ-д Монголоос явахын гурав хоногийн өмнө бэртлээ сэдрээсэн. Багийн сэтгэлзүйдээ нөлөөлөхгүйн тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Хамтдаа маш удаан хугацаанд бэлтгэл хийсэн нэг гишүүн нь шууд бүжиглэх боломжгүй болчихлоо гэх ойлголт авах нь багийн сэтгэлзүй хүнд байдалд орох байх гэж үзсэн учраас багийн гишүүддээ аль болох өөрийгөө зүгээр гэдгийг ойлгуулсан.

-Тэгвэл бэртлээ дахин сэдрээхгүйгээр хэрхэн тэмцээндээ орсон хэрэг вэ?

-Гэхдээ надад маш том айдас байсан. Бэртлээ сэдрээснээс болж дахин бүжиглэж чадахгүй байх вий, багийн амжилтаас доош нь татчих вий гэх айдас байсан юм. Гэхдээ маш хурдан хугацаанд арга хэмжээ авч, физик эмчилгээнд орсон. Манай шавьд физик эмчилгээний аппарат байж таарсан тул түүнийг нь авч яваад, тэнд байх хугацаандаа өвдгөндөө шарлагаа хийж байсан л даа. Тэгээд ДАШТ-д өвдгөндөө бэхэлгээтэй оролцоод амжилттай гарч чадсан даа.

-Клубээ байгуулж, хүүхэд залуусыг сургаж буй нь бидний зүгээс нийтийн биеийн тамирт оруулж буй хувь нэмэр гэж хардаг-

-Тэмцээний талаар нэлээн ярилцлаа. Харин одоо таны сүүлийн үеийн сонин сайхны талаар ярилцья. Өнгөрсөн жилийн өдийд ярилцлага авч байхад бүжгийн клубээ нээх гээд явж байсан. Одоо бол хэдийнэ багш болчихсон биз дээ?

-Өнгөрсөн жил ярилцаад сууж байхад дөнгөж бүжгийн клубээ байгуулах гэж байсан. Нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нэлээдгүй шавьтай болж, бэлтгээд зааж сургаад явж байна. Ирэх жилээс тэмцээн уралдаануудад оролцуулна гэсэн бодолтой байгаа. Ирсэнийхээ маргаашаас нь шууд л бүжгийнхээ сургалтуудыг орж эхэлсэн.

Дан ганц хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд ч сургалтууд явуулаг. Энэ нь эргээд бидний зүгээс нийтийн биеийн тамирт оруулж буй хувь нэмэр гэж хардаг.

-Бүжгийн спорт гэлтгүй спорт гэгч рүү үлгэр дууриалал авч орж буй хүүхэд залуус их. Таны хувьд бүжгийн спортыг сонирхож буй хүүхэд залууст хандаж юу хэлмээр байна?

-Энд нэг зүйлийг хэлэх нь зөв байх. Миний авсан бэртлүүд бол бүжгийн спортоос шалтгаалсан бэртэл биш. Би хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг. Түүгээрээ багт тоглож байсан. Бэлтгэлийнхээ үеэр хоёр удаа бэртэл авсан юм. Бүжгийн спортын хувьд иймэрхүү хүнд хэлбэрийн бэртэл авах нь бага. Спорт гэдэг утгаараа хүүхэд залуусын бие бялдар, гоо сайхныг илүү тодотгож өгч байдаг. Тиймээс хүүхэд залуусыг дасгал хөдөлгөөн хийнгээ бие бялдар, гоо сайхандаа анхаараасай гэж хүсэж байгаа. Бүжгийн спортоор хичээллээрэй гэж хэлмээр байна.

НЭМЭЛТ: Б.Алтанхөлөг өнгөрсөн жил Ододтой бүжиглье шоунд оролцож, өөрийнхөө хэр чадварлаг бүжигчин болохоо таниулаад амжсан. Түүний өмнө манай сайтад өгч байсан ярилцлагыг энд дарж унших боломжтой.

Бригадын генерал С.Ганбямбыг өнөөдөр ЗХЖШ-ын даргаар томилно
Бригадын генерал С.Ганбямбыг өнөөдөр ЗХЖШ-ын даргаар томилно
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.