Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны хуулийг өөрчилж, улстөрчдөөс холдуулахгүй бол дараагийн ээлжнийхэн ХООЛОНДОО ОРНО шүү

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 58 секунд

Хөгжлийн банкны хэрэг гэгч сүртэй хэрэг сүүлдээ “нохойн замаар” орох дээрээ туллаа. Төр эр бяраа харуулж ардаа татлаагүй түлхээгүй, борогдуухан дундаж хэдэн компаниудын зээлийг хуу хамж төлүүлэв. Ард нь төрийн нэрийн өмнөөс зээл авчихсан. Төрийг зээлийн батлан даагч болгочихсон, хойно урдаа том жижиг оврын улстөрчидтэй компаниудын өр зээл үлдэв.

Энэ хэд ч ингээд зээлээ төлөх нь төлөөд, төлөхгүй нь байгаа хэдэн ажилладаг, ажилладаггүй тоног төхөөрөмж, өмч хөрөнгөө хураалгасан болоод л дуусах байх. Тэгвэл хэдүүлээ асуудлын гүнийг нь уудалж гаргах гээд хамтдаа оролдоод үзье. Жишээлбэл, Хөгжлийн банкыг ингэтэл нь уруудан доройтуулсан шалтгаан юм вэ. Хэн энэ шалтгаан эхлэлийг тавив гэдгээс ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкийг улстөрчид ингэтэл нь тонох боломжийг олгосон асуудалд нэн түрүүнд анхаарал хандуулъя. Буруу зүг рүү будаа тээлгэх болсон хуулийг гажуудлыг нь хамтдаа засъя.

Анх Хөгжлийн банкны бодлогыг гадныхан аваад явж байхад Шинэчлэлийн Засгийн газрын үед л улстөрчид тус банк руу үй олноороо шургалж, төрийн мөнгийг тонон дээрэмдэх эхлэлийг тавьсан. Тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр дээр харьяалагддаг хүмүүс болон Н.Мөнхбат нь гүйцэтгэх захирлаар, мөн Н.Шинэбаатар гэгч нөхөр ТУЗ-ийн даргаар томилогдосон байдаг. Энэ цагаас эхлээд ялсан нам, хүчирхэгжсэн фракцийн томилгоо Хөгжлийн банк дээр үргэлжилсэн. 2016 онд МАН-ынхан засгийн эрхийг авсан даруйдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийг өөрчилж, гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн. Тэд өмнөх хэдээсээ илүү гаргана уу л гэхээс дутах хэмжээнд Хөгжлийн банкыг тоносон. Эдгээр улстөрчдийн гороор өнөөдөр улс орон дампуурах уу, Хөгжлийн банк хөл дээрээ тогтох үлдэх үү гэдгээ мэдэхгүй сууж байна. Харин олон нийт, хэвлэл мэдээллийнхэн “сүргээрээ” асуудалд анхаарал хандуулсны хүчинд тодорхой хэмжээнд зээл төлөгдөв. Цаана нь толгойтой улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд, төрийн өмчит компаниудын зээл үлдсэн

Төрийн өмчит компаниудын зээлийг ямар ч аргаар хамаагүй төр нүдээ аниад өөр дээрээ авах байх. Өнөөдөр биш ч ирэх өдрүүдэд энэ бол хийгдэх л үйлдэл. Харин тэр том толгойтой нөхдүүдийг яах ёстойг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан шүүх дамнасан маргаан үргэлжилсээр л байх болов уу

Тиймээс дахиад дараа дараагийн Хөгжлийн банкыг бий болгохгүйн тулд нэн түрүүнд хуулиас нь эхлэх хэрэгтэй. Хуулийн тогтолцоог нь ойгломжтой, улстөрчдөөс хол, цэвэр бизнесийн чигт нь байлгахаар хийж өгөхгүй бол дахиад л асуудал үүснэ. Хэдэн жилийн дараа дараагийн хэдэн бүлэг улстөрчид нь Хөгжлийн банкыг дээрэмдчихсэн, тоносчихсон байх нь дамжиггүй. Тиймээс хуулийн гажуудлыг нь нэн түрүүнд бай болгож сонгож авах нь зүйтэй. Хулгай хийх боломжийг хуулиар нь олгочихсон байхад ямар чин үнэн, ариун сэтгэлтэй Батаа, Дулмаа, Гочоо очоод нэмэрхгүй.

Харин Хөгжлийн банкны хуулийг ингэж уруудан доройтуулж, чадамжгүй болгосон нөхрийг олж хариуцлага заавал нэхэх ёстой юм шүү.

Л.Энх-Амгалан сайд аа, “Адмон”-ы балгаар сурагчид бүтэн улирал сурах бичиггүй байна
Л.Энх-Амгалан сайд аа, “Адмон”-ы балгаар сурагчид бүтэн улирал сурах бичиггүй байна
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.