Жил бүрийн намар зарга хийдэг хүн бол “Адмон” компанийн ерөнхий захирал Р.Энхбат. Сурах бичгийн тендерт ганц хоёр компани давуу эрхтэй оролцож байна хэмээн зарга хийдэг байсан тэрбээр энэ жил таг дуугүй байгаа. Энэ нь ч учиртай байжээ. 2022-2023 оны хичээлийн жилийн сурах бичгийн хамгийн том тендерийг “Адмон” компани авсан юм байна.
Тиймээс л энэ намар Р.Энхбат захирал зарга хийлгүй таг дуугүй байсан юм байж. Харамсалтай нь ингэж тендер авсан “Адмон” компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж Ерөнхий боловсролын сургуулиудын 2-5 дугаар ангийн сурагчид өнөөг хүртэл сурах бичиггүй байна.
Уг нь тендерт оролцож гэрээ байгуулахдаа “Адмон” компани 2022 оны есдүгээр сарын 15 гэхэд сурах бичгүүдээ хэвлэн, түгээсэн байх үүрэг хүлээсэн байдаг юм. Ийм үүрэг хүлээгээд гэрээний урьдчилгаанд 954 сая 263 мянга 430 төгрөг авсан гэдгийг хэвлэлүүд, тухайлбал Focus.mn сайт мэдээлсэн. Энэ нь Боловсролын ерөнхий газрын шилэн дансны гүйлгээгээр баталгааждаг. Шилэн дансны мэдээллээс харвал 2022 оны наймдугаар сарын 26-ны өдөр найман удаагийн гүйлгээгээр урьдчилгааг нь шилжүүлж байжээ.
Ийм урьдчилгаа авсан “Адмон” компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж нийслэлийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, 15, 53, 61, 73, 154 дүгээр сургуулийн бага ангийнхан өнөөг хүртэл сурах бичиггүй хохирч байна. Л.Энх-Амгалан сайд аа, “Адмон” компани гэрээний үүргээ биелүүлэхгүй сурагчдыг хохироож байгааг хараагүй, сонсоогүй мэт царайлсаар байх уу?