Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Хилээр гарч буй самрыг ТАТВАРТАЙ болгохгүй бол хушин ой СҮЙДЛЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 17 секунд

Та бидний идэх дуртай хуш модны самар зөвхөн манай улс болон ОХУ-д л ургадаг гэдгийг мэдэх үү.

Манай орны хуш модны нөөц дэлхийн хушин ойн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбайг эзэлдэг байна. Тиймээс хуш мод нь маш ховорт тооцогдоно. Бид хушин ойгоо хамгаалах гол арга замыг дан ганц самар түүхгүй байх явдал хэмээн мугуйдлах нь элбэг. Одоо харин дээр доргүй самар түүнэ, түүлгэхгүй гэж мухайрлах талаар ярих биш байгаль орчиндоо хэрэгтэй зөв өнцгөөс нь асуудалд хандацгаая. Нэн түрүүнд хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэх зорилготой аж ахуйн нэгжүүдээ дэмжье. Цаашлаад дотооддоо дэлхийн стандартын дагуу самар боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад нь бодлогоор дэмжье. Компани нэртэй цаасны компаниудыг нь нэн даруй цэгцэлцгээе.

Хэдхэн хоногийн өмнө БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ "Самрыг экспортод гаргадаг ААН-үүдийн зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болгосон" талаараа мэдээлэв. Энэ нь ч зөв аж.

Үнэн хэрэгтээ намартай уралдаж түүсэн энэхүү баялгаа ашигласан ч зүйл байхгүй, улс эх орондоо үр өгөөжийг нь хүртсэн ч зүйл үгүй өнгөрдөг. Уг нь хушин ойгоо хамгаалж, ширхэг самар бүртээ татвар татаас оногдуулж, төсвийн бүрдүүлэлтэд нэмэр болбол улс эх оронд маань хэрэгтэй.

Бид жил бүр байгаль орчноо сүйтгэж, амь насаа эрсдэлд учруулан байж хууль бусаар түүдэг. Гэтэл түүсэн самар маань урд хөрш рүү ширхэг ч татваргүй гарсаар ирлээ. Мөнгө эргэлдэж байгаа учраас л иргэд хулгайн замаар самар түүхээр жил бүр идэвхжиж буй юм. Харин тэр санхүүжилтийг урд хөршийн хэдхэн иргэд л гаргадаг.

Эцэст нь татваргүй самрыг вагон, вагоноор нь урагшаа зөөж байна. Өөрөөр хэлбэл, бид байгалиараа бас амь насаараа хохирч байхад тэд татваргүй бараагаа нутагтаа аваачиж, нэмүү өртөг шингээж байна. Түүнийгээ дэлхийн зах зээл рүү, бүр манай зах зээл рүү ч гэсэн эргүүлээд өндөр үнээр нийлүүлж байх жишээтэй.

Хушны самар боловсруулж, экспортод гаргадаг 30-аад компанийн тал орчим хувь нь компанийн гэрчилгээ, тамга тэмдгээс өөр зүйлгүй, ажилтан, алба хаагчгүй бүр татвар төлдөггүй "цүнхний", цаасны компаниуд байдаг гэх. Энэ компаниудын үйл ажиллагааг цэгцлэхээс ажлаа эхэлье. Тэгээд байгальдаа ч ээлтэй, эдийн засагтаа ч "тэжээл"-тэй зөв зам руу хамтдаа орцгооё. Алийн болгон хүй нэгдлийн үе шиг мун барьж ой руу нууцаар гүйж, "бусдын" хоолыг бэлдэж өгөх юм бэ.

Самар түүхгүй байх нь ойн сан хийгээд, амьтдын хоол тэжээлд ч ихээхэн хувь нэмэртэй ч тодорхой хувийг нь л түүх боломжтой. Тухайлбал, Хушин ойн самрын нөөцийн 70 хувийг байгальд нь үлдээгээд, 30 хувийг нь түүхэд хушин ойн байгалийн экологийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргэхэд нь нөлөөлдөг аж. Гэтэл манайхан 100 хувь, бүр юу ч үлдээлгүй түүгээд орхино.

Угтаа самрыг аравдугаар сарын 15-наас эхлэн газарт унаж дуусахаар нь түүх ёстой байтал наймдугаар сар гарав уу үгүй юу том том муна, шуудай үүрсэн хүмүүс ойд бүгж, хуш модыг гэмтээн бүрэн боловсроогүй самрыг хүчээр салган авдаг. Энэ бол хамгийн харамсалтай явдал.

Б.Жавхлан: Ойрын жилдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт оруулахгүй, тогтвортой байна
Б.Жавхлан: Ойрын жилдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт оруулахгүй, тогтвортой байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.