ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг өөрийн цахим хуудаснаа "Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч”алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд. Хүн доромжилсон төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй" хэмээсэн нь хошин урлагийнхны эгдүүцлийг хүргээд буй.
Тиймээс хошин урлагийн жүжигчид ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзоригийг уучлал гуйхыг шаардаж, ХЗДХЯ-ны гадаа эсэргүүцлээ илэрхийлэв.
"Шинэ үе продакшн"-ы жүжигчин Н.Ариунболд "СУИС төгсөж буй, ирж яваа залуучуудын ирийг мохоосон үгийг төрийн өндөр албан тушаалтнууд хэлж болохгүй. Төр харин ч гадуур байгаа уран бүтээлчидтэйгээ хамтарч, дэмнэж явах байтал амны зоргоороо уран бүтээлчдийг нийтээр нь харлуулж болохгүй шүү дээ. Сошиалаар ажил хийдэг болсон юм уу. Тэмээн дээрээс наран ойрхон болчихсон юм болов уу. Чанга хашгирч, чанга шүүмжилдэг хүмүүс ажлаа хийсэн болж харагддаг юм уу. Хууль зүйн яам ийм завтай байдаг юм уу. Хаа байсан Соёлын яамны, соёл урлагийн бодлого боловсон хүчний ажил руу, уран бүтээл рүү орох ямар завтай хүн бэ. Аливаа нэг зүйл хөгжил дэвшлийнхээ хувьд алдаа оноотой байлгүй яах вэ. Яагаад гудамжны хэллэгээр хандаж байна вэ гэдэг нь эмгэнэлтэй байна.
Бид маш олон хандивын тоглолт хийгээд бусдад амьдрал бэлэглээд явдаг. Дэм дэмэндээ дээс эрчиндээ явдаг хорвоо. Энэ бүхнийг үзэж байгаа үзэгчид юу болох вэ. Гэмтэй хүн гэлбэлзэж, гэмгүй хүн инээж, жаргаж үздэг урлаг шүү дээ. Толиндоо өөрийгөө харсан юм байгаа биздээ гэж хэлье даа" хэмээлээ.