Удтал олон улсыг хамарсан дайны хөлд өртөөгүй хөгшин европ цөмийн тулаан хүртлээ эвгүйтэх хамгийн эгзэгтэй үедээ ирээд байна. Дэлхийн дүрэм өөрчлөгдөж нэг талдаа ардчилал, хүний эрх, нөгөө талд нь том гүрний түрэмгийлэл, хүчирхийлэл явагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн улс гүрнүүд дээрх хоёр ангилалд хүссэн ч, эс хүссэн ч багтаж байна. Энэ нь бидэнд сонголт хийхэд хүндрэл учруулж, гадаад бодлогын хувьд олон талт идэвхтэй бодлого барихыг тулгаж буй юм. Тэгвэл яг энэ ээдрээтэй цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын холбооны хамгийн нэр нөлөө бүхий ХБНГУ-д айлчлав.
Сонголт...
Төр засгийн тэргүүний аливаа айлчлал санамсаргүй, эсвэл геополитикийн тооцоололгүй хэзээ ч байдаггүй. Энэ бол олон улсын харилцааны энгийн ухагдахуун. Айлчлахаар тохирохоос эхлээд хэлцэл хүртэлх бүхий зүйлс хоёр талаас нарийн ярьж ойлголцсоны эцэст ажил хэрэг болно. Тэгвэл эхний асуулт. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад Европ дахь бөгөөд Европын холбооны улсуудад хийх анхны айлчлалаа Германаас эхлүүлэв. Л.Оюун-Эрдэнэ гэхээсээ Монгол Улсын Засгийн газар яагаад “Их долоо”-гийн бүлгийг тэргүүлж буй Герман руу бодлого тээв гэдэг сонин.
Геополитик, газар зүйн байрлалын хувьд манай төр засаг дайн дэгдээж буй ОХУ-ыг дэмжихгүй гэдгээ ил цагаан илэрхийлэх боломжгүй. Ардчилал хүний эрхийг “нэхэж”, ОХУ-ын эсрэг бүлэгт багтаахыг хүсдэг Европын холбоо, Америкийн талд шууд зогсож бүр ч болохгүй улс. Энэ бол бидэнд оногдсон геополитикийн хувь заяа. Тиймээс бид эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр олон тулгуурт гадаад бодлогын ачаар Украйны дайныг давж гарах хэрэгтэй.
Ерөнхий сайдын Германд хийсэн айлчлал ч энэ өнцгийг бодсон мэт. Учир нь Герман бол ОХУ-ыг эсэргүүцэж буй холбоотнуудын хамгийн нэр нөлөөтэй, хүчирхэг эдийн засаг цэрэг армитай Европын холбооны нүүр царай улс. Энэ утгаараа Ерөнхий сайдын айлчлал Европын холбоо, "Их долоо"-гийн барьж буй энх тайван, ардчилал хүний эрхийн талд Монгол Улс байгаагаа илэрхийлсэн үйлдэл юм.
Нөгөө талдаа Герман бол ОХУ-тай өнгөрсөн хугацаанд эдийн засаг, эрчим хүч, худалдаа гээд бүх зүйлээрээ маш нягт холбогдсон гүрэн. Газар нутгийн байршил болон энэхүү ойр дотно харилцаанаас нь үүдэж Крымийн дайны дараа Франц, АНУ тэргүүтэй улсууд Орос, Герман хоёрыг нэг зорилгын төлөө нэгдэхээс эмээж “хардаж” байлаа. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөн Орос ганцаараа эсэргүү болж, Герман тэдний эсэргүүцэгчдийн эгнээд “хүчээр” багтав.
Өөрөөр хэлбэл, Европын холбооны талд найр тавьсан Ерөнхий сайдын Герман дахь айлчлал бүр цаад утгаараа ОХУ-тай ойлголцлоо хадгалахыг хүссэн алхам байж болох юм. Яагаад Франц, Их Британи тэргүүтэй хүчтэй эсэргүүцэгчдийг сонгож айлчлахыг оролдсонгүй вэ гэдэг өөрөө бас том хариулт. Франц, Их Британи тэргүүтэй Европын холбооны гишүүд, НАТО бүгд л дайрах, довтлох чиглэлийн зэвсэг нийлүүлж, ОХУ-ыг хүчтэй эсэргүүцэж байхад Герман одоо ч асуудалд маш болгоомжтой хандсан хэвээрээ байна. Украины дайн эхэлснээс хойш Европын холбооны улсуудаас хамгийн сүүлд нь мэдэгдэл хийж, дайныг эсэргүүцсэн. Мөн зэвсэг техник нийлүүлэхдээ ч гэсэн дайрч, довтлох зориулалттай бус хамгаалах чиглэлийн зэвсэг, техникүүдийг Украин руу илгээж байсан. Одоо ч энэ бодлогоо барьсаар байна.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Германыг сонгож айлчилсан нь давхар, давхар бодлого тээсэн гадаад бодлого байлаа. Ер нь дайн хэзээ нэгэн өдөр дуусна. Тэр цагт төр засгийн түвшинд Герман ч, Монгол ч эргээд Оростой уулзах нүүртэй байх л хэрэгтэй.
Герман улс ч гэсэн тодорхой геополитикийн бодлогынхоо хүрээнд саяын айлчлалыг зохион байгуулж буй хэрэг. Наад захын жишээ гэхэд л айлчлал дууссаны маргааш Хятадын Коммунист намын хурал болж байх жишээтэй.
Ерөнхийлөгчөөсөө эхлээд Германы тал өндөр ач холбогдол өгөв
Өндөр дээд хэмжээний айлчлалыг хэн нэгний завтай, боломжтой үед хийчихдэг зүйл биш. Айлчилж байгаа, хүлээж авч байгаа талууд ардаа геополитикийн маш том ашиг сонирхол дээр огтлолцдог учраас зохион байгуулагддаг.
Энэ утгаараа Германчууд манай талын айлчлалын баг бүрэлдэхүүнийг өндөр дээд түвшинд хүлээж авлаа. Канцлер Олаф Шольцтой албан ёсны яриа хэлцэл хийхээс гадна Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Мөн Цахим хөгжил, зам тээврийн сайд Фолкер Виссин болон Эдийн засаг, уур амьсгалын яамны парламентын ТНБД Франциска Брантнер зэрэг гол яамдын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан юм. Өөрөөр хэлбэл, өмнөх айлчлалд Ерөнхийлөгчид бараалхаж амжаагүй байхад энэ удаад Ерөнхийлөгч нь хүлээн авч “Ардчиллын” талаарх байр сууриа илэрхийлэв. Гол яамны сайд болон парламентын ТНБД зэрэг чухал төлөөллүүд нь манай талыг хүлээн авч хэлцэл хийв. Мөн эрх барьж буй намын дарга нь хүртэл Ерөнхий сайдтай уулзаж, санал солилцов.
Өөрөөр хэлбэл, Германы тал дипломат ёсоор бол манай талд маш хүндэтгэлтэй хандаж, өндөр дээд түвшинд хүлээж авлаа гэхэд болно. Манай тал ч гэсэн Эдийн засаг, хөгжлийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд тэргүүтэй яриа хэлэлцээрт орох гол хүмүүсээ дагуулан очсон билээ.
Эрчим хүчний хараат байдлаас гарахад Германыг “ашиглах” хэрэгтэй
Айлчлалын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд, газрын ховор элементийг хагас боловсруулж Герман руу экспортлох, мэргэжилтэн бэлтгэх, аж үйлдвэрийн чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Ач холбогдлын хувьд бүгд чухал ч “Тавантолгой” цахилгаан станцын төсөл болон цахилгаан машин үйлдвэрлэхэд нэн чухал эд анги болох газрын ховор элементийг хагас боловсруулан экспорт хийх асуудалд бид анхаарал хандуулах хэрэгтэй.
БНХАУ газрын ховор элементээрээ дэлхийд тэргүүлдэг улс. Мөн сүүлийн жилүүдэд цахилгаан машины үйлдвэрлэлээрээ Германыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрлээ. Германчууд сүүлийн жилүүдэд цахилгаан машины үйлдвэрлэлдээ анхаарал хандуулж, байгальд ээлтэй технологи руу алхаж эхэллээ. Нөгөө талаасаа БНХАУ-д алдсан цахилгаан машины үйлдвэрлэлийн байр сууриа эргүүлж авахаар машин үйлдвэрлэлийн аварга компаниудаа “ажиллуулж” байна. Тиймээс ирэх арван жилд газрын ховор элементээр “мангас” шиг цангах Герман руу хагас боловсруулсан байдлаар экспорт хийж чадвал бид нүүрснээс гадна эдийн засагтаа нэмэр оруулах бас нэг сувагтай болно гэсэн үг. Нэг улсаас ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хараат байхын горыг амссан Европынхон, тэр дундаа Германчууд хэрвээ бид стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж чадах л юм бол үнэтэй байсан ч импортолж авна. Тиймээс энэ чиглэлд анхаарах нь зүйтэй болов уу.
Хоёрдугаарт, эрчим хүчний хараат байдлаасаа Германыг, Европын холбоог ашиглан гарах боломжийг бид одоо л эрэлхийлэх ёстой. ОХУ-ын асар хямд хийг авч байсан Европ бүхэлдээ крант хаах аюулд өртөв. Одоо энэ өвлийг л давчихвал ирэх жил гэхэд эрчим хүчээ ОХУ-аас хамааралгүйгээр шийдэхээр хөгшин европ зүтгэж байна. Геополитикийн яг энэ эгзэгтэй цаг үед бид НОГООН, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ гэх нэрийн дор усан цахилгаан станц тэргүүтэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ явуулах зайлшгүй шаардлагатай. Оросыг угаасаа “буланд” шахах зорилготой Европын холбооныхонтой, тэр дундаа гуравдагч хөршийн бодлого болсон Германчуудтай энэ чиглэлээр хамтрах яриа хэлцэл өрнөснийг ажил хэрэг болгох шаардлагатай байна.
Цаг хугацааны хувьд ч, геополитикийн хувьд ч бидэнд хожиж болох цөөхөн боломжууд нэг бол энэ.
50 жилийн ойгоо угтсан том төсөл хэрэгжүүлцгээе !!!
Канцлер Олаф Шольц тэргүүтэй айлын тал 2024 онд болох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоороо нэг том төсөл, том ажил хийчихсэн байхыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Тиймээс айлчлалын араас манай Гадаад яамныхан идэвхтэй ажиллаж сэргээгдэх эрчим хүчний төсөл, эсвэл Герман стандартыг нэвтрүүлсэн аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын чиглэлээр ажиллах нь зүйтэй. Айлчлал хийж асуудлаа ярих нь эхний алхам. Одоо айлчлалын араас хийгдэх албан хэлцэл, гэрээг үзэглэхэд бэлдэх нь дипломат ажилтнуудын үүрэг билээ.
Тун удахгүй ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн сайд манайд ирж сая яригдсан ажлуудынхаа талаар хэлцэл хийнэ. Ирэх жилийн зургаадугаар сард Герман Монголын парламентын ээлжит хурал Монголд болно. Үүнээс урьтаж Германы бизнесийн төлөөллүүд манайд ирнэ гээд айлчлалаар яригдсан зүйлсийг ажил хэрэг болгох боломж, шат дамжлагууд бидэнд байна.
Эдгээр албан уулзалт, айлчлалуудыг үр дүнтэй болгож чадвал 2024 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоороо иж бүрэн стратегийн түншлэлийн тунхаг бичигтээ гарын үсэг зурж, хоёр орны харилцааг эдийн засаг, дипломат харилцааны түвшинд нэг шат ахиулах болно.
Г.Лхагвадорж