Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 45 орчим хувийг Монгол Улс дангаараа хангадаг. Ирэх оноос угаасан ноолуурыг экспортод гаргахгүй. Зөвхөн хялгаснаас нь салгасан ноолуурт нэмүү өртөг шингээж дэлхийн зах зээлд гаргах зорилтыг манай улс тавьж байгаа. Тэгвэл Монгол Улс “цагаан алт” хэмээн нэрлэгддэг ноолуураас эдийн засгийн ямар үр өгөөжийг хүртэж болох талаар УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Угаасан ноолуурыг хялгаснаас нь салгаж, анхан шатны боловсруулалт хийх ажил хэзээнээс эхлэх вэ. Үйлдвэрлэлийн бэлтгэл ажил хангагдсан уу?
-Монгол Улс жилдээ 10 орчим мянган тонн ноолуур авдаг бол 80 гаруй хувийг түүхийгээр нь экспортолдог. Бидний гол зорилт дотооддоо үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингээх явдал юм. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн техник нөхцөлтэй Засгийн газар танилцсаныхаа дараа шийдвэр гаргах ёстой. Одоогоор дотоодын үйлдвэрүүд аль болох ченжийн гар дамжихгүйгээр малчдаас түүхий ноолуураа худалдаж авч үйлдвэрлэлийн нөөцөө бүрдүүлэхийг хичээж байгаа.
-Эдийн засгийн тооцооллоор экспортоос олох орлого түүхий ноолуурын ханшнаас хэдэн хувиар өсөхөөр байгаа вэ?
-Самнасан ноолуураас бид жилдээ 500-1 сая ам.долларын ашиг олох боломжтой гэж харж байгаа. Дотоодын ААН-үүд малчдаас түүхий ноолуурыг кг тутамд 140 мянган төгрөгөөр үнэлж авч байна. Тухайн түүхий ноолуурыг үйлдвэрүүд аваад хялгаснаас нь салгаж самнаад нэмүү өртөг шингээвэл дэлхийн зах зээл дээр кг ноолуурыг 100 ам.доллароор худалдах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, түүхий ноолуурнаас 70 хувь илүү ашиг олж жилд ойролцоогоор 3-4 их наяд төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа.
Б.Мягмарсүрэн