Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Эрх бүхий байгууллага нь өөр хүн томилох хүсэлтэй бол ажлаа өгөхөөс татгалзах зүйл алга

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 35 секунд

Монголбанкны мөнгөний бодлогын хороо он гарснаас хойш 4 удаагийн шийдвэрээр бодлогын хүүг нийт 6 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэсэн. Ингэж хатууруулсан нь 14 хувь давсан инфляцийг тодорхой түвшинд бууруулж нэг оронтой тоонд барих зорилготой гэж тайлбарладаг. Гэвч эдийн засагчид инфляцийг ирэх онд өөдрөгөөр төсөөлөх боломжгүй гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөрсөн дээрээ буугаагүй тооцоо судалгаагаар ирэх оны мөнгөний бодлогыг тодорхойлж болохгүй гэдгийг анхааруулж байгаа юм. Тэгвэл Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг өчигдрөөс байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр бид Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Мөнгөний бодлогын хороо инфляцыг дунд хугацаанд тогтворжуулж төгрөгийг “цаас” болж үнэгүйтэхээс сэргийлж бодлогын хүүг өсгөсөн гэж ярьж байна. Мөнгөний хатуу бодлого хэдий хугацаанд цааш үргэлжлэх төлөвтэй байгааг гэж тооцоолж байна вэ. Бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь иргэдэд зээлийн хүүгийн дарамт болох уу.

-Төв банкны үндсэн зорилго бол инфляцыг бууруулах, тодорхой түвшинд барих. Өнгөрөгч 8 дугаар сарын байлаар инфляц 14.5 хувьтай гарсан. Есдүгээр сарын дүнг удахгүй танилцуулах байх. Бидний тооцоолсноор 13.5 орчим хувь байхаар байна. Сүүүлийн дөрвөн сарын хугацаанд инфляц тодрхой нэгж хувиар буурсан. Харин оны сүүлээр 11-12 хувь болж буурч, улмаар ирэх онд нэг оронтой тоо руу орно гэсэн тооцоолол байна. Монголбанкны зорилтот түвшин бол 6-8 хувь учраас 2023 оны дунд үе, 2024 оны эхээр бодит түвшиндээ хүрнэ гэж харж байгаа. Гэхдээ нийт хэрэглээний сагсны 50 гаруй хувь нь импортын бараа бүтээгдэхүүнээс бүрддэг. Гадаад улс орнуудын инфляц ч мөн адил тогтворгүй байгаа энэ үед ханшийн савалгаа 1-2 жилдээ ажиглагдсаар байхыг үгүйсгэхгүй.

Энэ нь эрэлтээс шалтгаалсан инфляцыг бий болгож байгаа юм. Харин ханшийн хувьд экспорт, импортын худалдааны тэнцэл өндөр зөрүүтэй, ашиг багатай байгаа нь төвөгтэй байдлыг үүсгэж байна. Нөгөө талаараа төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларын алдагдалтай гарсан. Энэ алдагдлыг Монгол улсын вальютын нөөцөөс гаргахаас өөр аргагүй. Улсын вальютын нөөц яг одоо 4 сарын импортыг хангахаар байна. Өнгөрсөн оны 4, 5 сард манай нөөц 5 тэрбум ам.долларт хүрч байсан. Нийт импортын бараг 10-11 сарын хэрэгцээг хангахаар өндөр түвшинд байсан гэсэн үг. Харин одоо огцом буурсан. Нэгэнт нөөц бага байгаа үед Төв банк нөөцийг хамгаалах тал руу илүү анхаарч харин ханшийг тодорхой хэмжээнд зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийн дагуу сул байлгахыг эрмэлзэж байна. Ялангуяа ОУВС валютыг аль болох хүчээр барихгүй байх зөвлөмжийг өгсөн.

“Монгол Улс 4 сарын валютын нөөцтэй байна”

-Таныг төв банкны Ерөнхийлөгчөөр томилогдох үед валютын нөөц хэр хэмжээнд байсан бэ? Одоо дөрөвхөн сарын нөөцтэй гэж ярьлаа. Монголбанк үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж эдийн засагчид шүүмжилж байна. Магадгүй таныг ажлаа хийж чадахгүй байна гэдэг шүүмлэл их гарах боллоо?

-Яах вэ, би 2019 оны сүүлчээр томилогдсон. Тухайн үед Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орчихсон байсан. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан үе. Ийм л цаг хугацааны үе надад таарсан. Валютын нөөц бол тухайн үед 3 тэрбум ам.доллар байсан нь үндсэндээ 4-5 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнийх л дээ. 2021 оны 5 сар Монгол Улсын валютын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 5 тэрбум ам.доллар руу дөхсөн. Ингээд 5 дугаар сараас эхлээд БНХАУ “тэг ковид” гэдэг хатуу бодлого барьж эхэлснээс болж хилийн боомтууд хаагдсан. Тэр хэмжээгээр экспортын орлого тасалдаж эхлээд байгаа. Хоёрдугаарт энэ оны хоёр сараас эхлээд ОХУ-Украин хоорондын олон улсын хурцадмал байдлаас үүдэж хүнсний бүтээгдэхүүний үнэ, шатахуун, тослох материалын үнэ огцом өслөө. Бидний хувьд шатахуун, тослох материалыг 100 хувь гаднаас авдаг учраас тэр үнийн нөлөөгөөр инфляц хөөрөгдөж байгаа юм. Мөн ковид цар тахалтай холбоотойгоор тээвэр ложистикийн хүндрэлийн улмаас тээврийн зардлыг 5 дахин нэмэгдүүлсэн. Энэ утгаараа импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүнд тээврийн зардал нэмэгдэх бослон нь нийлүүлэлтийн шинжтэй инфляцыг хөөрөгдсөн явдал. Мөнгөний бодлогоор үүнд арга хэмжэээ авч шууд нөлөөлж чадахгүй.

-Тухайн үед энэ эрсдэлүүдийг тооцож болохгүй байсан уу гэдэг шүүмжлэл бий. Ямар ч үед төв банк эрсдэлд суурилсан бодлогын тооцооллыг хийх ёстой биз дээ?

-Өнөөдрийн ОХУ-Украин хоорондын дайны асуудлыг энэ онд болно гэж хэнч төсөөлж байгаагүй. 2020 онд 2021 оны мөнгөний бодлогыг боловсруулж байх үед БНХАУ-ын “тэг ковид” бодлого хэрэгжээд эхэлсэн. Өнөөдөр хүртэл энэ бодлого хэрэгжиж байна.Одоогийн бий болсон олон улсын хориг арга хэмжээнүүд сарын дараа яаж өөрчлөгдөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Товчхондоо эрдслийг тодорхой бус байхад тэрийг тооцно гэдэг нь өөрөө тодорхой бус тооцоолол болно. Тиймээс бид ямар ч байсан мөнгөний бодлогын хатуу төлөвийг хэрэгжүүлнэ. Эрэлт талаас нь зээлийг зөвхөн хэрэгцээ шаардлагатай тэр хэсэг рүү чиглүүлэх ёстой. Үүний үр дүнд инфляц тогтворжино гэж тооцож арга хэмжээ авч байна.

-Намрын чуулганаар тантай хариуцлага тооцох асуудал яригдана гэсэн мэдээлэл хэвлэлээр явж байна. Хэрвээ бодлогын алдаа гаргасан гэж үзээд хариуцлагын асуудал яригдвал та ажлаа өгөх үү? Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монголбанк гэдэг бие даасан бодлого тодорхойлдог институт. Хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Харин дотоод үйл ажиллагаа нэг хүнээс хамаарч байна уу, үгүй юу гэдгээс шалтгаална. Намайг томилсон эрх бүхий байгууллага нь өөр хүнийг томилох хүсэлтэй бол надад ажлаа өгөхөөс татгалзах зүйл алга.

Б.Мягмарсүрэн

ТОДРУУЛГА: Тоон гарын үсгийг ТҮЦ машинаар олгохоор ажиллаж байна
ТОДРУУЛГА: Тоон гарын үсгийг ТҮЦ машинаар олгохоор ажиллаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.