Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ууганбаяр: Есдүгээр сарын 21-нээс хойш визээ сунгуулсан 700 гаруй, визээ сунгуулах зөвлөгөө авсан 1000 гаруй Орос иргэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 34 секунд

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин цэргийн насанд хүрсэн иргэдээ Украины дайнд дайчлахаар болсон. Үүнтэй холбогдуулан манай улсыг зорих Орос иргэдийн тоо эрс нэмэгдэж буй. Мөн ОХУ-ын иргэд манай улсад визгүй 30 хоног оршин суух боломжтой. Харин 30 хоногийн дараа манай улсаас гарах ёстой. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодруулга авлаа.

-Монгол Улсын хилээр орж ирэх хойд хөршийн иргэдийн урсгал нэмэгдчихлээ. Эдгээр иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Дээрх хугацаа дуусан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад ТҮР хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, ТҮР оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1 мянга гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна.

-Энэ хугацаа нь дуусвал цаашид асуудал хэрхэн яригдах вэ?

Дэлхий нийтийг хамарсан шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 орчим жилийн хугацаанд маш эрчимтэйгээр хувьсаж байна. Үүнд тухайн улс орон, бүс нутагт болж буй цэргийн ажиллагаа, улстөр, нийгэм эдийн засгийн байдал, ядуурал гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж, нэг улсаас нөгөө улс руу шилжих хөдөлгөөнийг бий болгосоор байна. Энэ нь тухайн улс орнуудад томоохон сорилт болж, энэ хэрээр түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссээр байгаа.

Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад ТҮР оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаад байна. Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно.

-Хүсэлт өгсөн бүх иргэнд оршин суух зөвшөөрөл олгоно гэж ойлгож болох уу?

Мэдээж оршин суух зөвшөөрөл олгохоос өмнөх хяналт шалгалтын чиг үүрэг ч давхар явагдана. ТҮР оршин суух хүсэлт өгсөн тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг судалж, нарийн процессын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр ТҮР оршин суух зөвшөөрөл олгоно. Жишээ нь, Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, суралцах төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарна.

Мөн нөгөө талдаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, АЛБАДАН ГАРГАХ эрх нь бидэнд бий. Гадаад иргэдийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг манай Зөрчил шалган шийдвэрлэхгазар байнга авч, тухай бүр арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Хан-Уул дүүргийн Номингоос Орхон их сургууль хүртэлх авто замыг хаана
Хан-Уул дүүргийн Номингоос Орхон их сургууль хүртэлх авто замыг хаана
 
УЕПГ: Вьетнам улс руу визгүй зорчих болсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов
УЕПГ: Вьетнам улс руу визгүй зорчих болсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.