Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ХНХ-ын сайдад явахгүй бол С.Чинзоригт өгөх үү
Сошиалчид маань төр засагтайгаа хавсарч байгаад “Ул”-ны сайдаа унагаад авлаа. Одоо сошиалчдын ч, элдэв жагсагчдын ч “ажил” дууссан тул улстөрчид жинхэнэ ажлаа эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, сайдын “марафон” албан бусаар өчигдөр эхэллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ХНХ-ын сайдаар томилогдох дараагийн хүнийг МАН-ын дарга нар ерөнхийдөө тохирсон байна. Учир энэ томилгооноос дамжаад дараагийн томилгоо, сэлгэлтүүд явагдах тул нэлээн дээгүүрээ ойлголцжээ.
Тодруулбал, бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг ХНХ-ын сайдаар тавих талаар яригдаж эхлэв. Өнгөрсөн сард шинэ сайдын томилгооны үеэр Д.Тогтохсүрэн гишүүн Засгийн газарт орохгүй гээд үлдсэн. Тэгвэл энэ удаад МАН-ынхан мань хүнд бараг хүчээр сайд хүртээх гэнэ.
Учир нь энэ томилгоо хэрвээ ҮХНӨ-ийг хийж, АН-ыг засагтаа багтаах үйл явцтай уялдана. Ерөнхийдөө МАН-ын бүлгээс Д.Тогтохсүрэнг холдуулж, оронд нь өөрийн хүнээ тавих гэсэн далд агуулгатай үйлдэл гэж тайлбарлаж ч бас болох л юм. Тиймээс С.Амарсайханг Шадар сайдаас нь огцруулах. Шадар сайдыг, Эрүүл мэндийн сайдтай хамт АН-д өгөх. Харин С.Амарсайханг бүлгийн даргаар томилох хувилбарыг углуургаар нь МАН-ынхан тооцож зуржээ. Эрүүл мэнд, Шадар сайд хоёр угаасаа аль ч засгийн үед “шагналын, төлбөр тооцоо”-ны л яам байсан.
Харин Барилга, боомт хариуцсан сайдуудыг МАН дотроосоо тавих байх. Ерөнхий сайдын яриад байгаа боомтын сэргэлтийг АН-ынхан очоод нураан уу, гэхээс сэргээнэ гэж байхгүй. Барилгын салбар бол том мөнгө эргэж байдаг чухал салбар. Тиймээс АН-д бараг хялаалгахгүй л болов уу.
АН-ыг засагт оруулах хурган лоббиг Ерөнхийлөгч хийж байгаа. Мөн ХНХ-ын дараагийн сайдыг квотоороо У.Хүрэлсүх нэрлэх учиртай. Д.Тогтохсүрэнгийн хувьд Ерөнхийлөгчтэй хэзээнээсээ ойлголцол сайтай байж ирсэн. Тиймээс Ерөнхийлөгч бүлгийн даргыг сайдад дэмжихгүй гэх газаргүй. Харин Д.Тогтохсүрэн сайд болохгүй гэдгээрээ зүтгэвэл мэргэжлийн гэдэг утгаар нь Өвөрхангайн төлөөлөл болсон С.Чинзориг гишүүнд ХНХЯ очих магадлалтай гэж харж байна. Ер нь сарын өмнө хийгдсэн томилгоонуудаас Өвөрхангайнхан бүгд хоосон хоцорсон. Тиймээс энэ удаад нэг юм дуулгах нь ойлгомжтой биз.
Б.Баярсайхан гишүүн өчигдөр Ерөнхийлөгчийн үүдийг "сахиж" өнжжээ
Харин өөр нэг сонирхолтой зүйл байгаа нь ХНХ-ны сайдын сургаар эмэгтэй гишүүд сэртхийж, зарим нэг нь саарал ордноор хурдалж эхэлжээ. Мэдээж сайд, байнгын хороогүй үлдсэн эмэгтэй гишүүд бүгд л анхаарал хандуулж байгаа. Гэхдээ эдгээрээс Б.Баярсайхан гишүүний “хурд” өчигдөр саарал ордонд бусдаасаа үнэхээр онцгой байсан гэнэ. Сайд нь бүрэн унаж амжаагүй шахуу байхад л эрхэм гишүүн сошиал дээр өөрийгөө дараагийн сайдад “зарлуулаад” эхлэв.
Тэр ч байтугай дараагийн сайдыг санал болгоно гэдгээр нь Ерөнхийлөгчийн үүдээр өдөржин эргэлдэж, сайдын тохироо хийхээр тун зүтгэлтэй “ажиллажээ”. Ер нь ирэх өдрүүдэд Ерөнхийлөгчийн үүд сайдад горилогсдод дарагдана. Тэдний салхийг өчигдөр Б.Баярсайхан гишүүн ямартаа ч амжилттай хагалсан байна.
Эзэн нь бол угаасаа дураа голохгүй нь ойлгомжтой. Нөгөө муу дур нь ядаж эзнээ голдоггүй юм байж. Ер нь энэ манай гишүүдэд мэддэггүй салбар гэж алга, харин чаддаг ажил гэж даанч алга. Орой дээд жишээ нь Д.Сарангэрэл.
Шуудхан хэлэхэд Б.Баярсайханыг сайдаар томилж байснаас Д.Сарангэрэлийг нь нэг удаа уучилсан нь хавгүй дээр сонголт болно. Горилогчдын хувьд одоогоор нэг иймэрхүү байна. Харин жинхэнэ томилгоо нь Өвөрхангай хавиар л хийгдэх болов уу даа.
Г.Лхагвадорж