Өнөөдрөөс яг долоо хоногийн дараа намрын чуулган нээлтээ хийж, саарал ордны улс төр “хөлд” орно. Эхний том сэдэв бол төсөв. Дараа мэдээж үндсэн сэдэв болох ҮХНӨ-ийн асуудал хөндөгдөнө.
ҮХНӨ-өө явуулахын тулд АН-ыг засагт оруулах уу
Эрх баригчид ҮХНӨ-ийг энэ намартаа багтааж гүйцээх төлөвлөгөөг гарсан гэх мэдээлэл байна. “Давхар дээл”-ээ нөмөрсөн гишүүд намар амжихгүй бол хавар руу “шидье” гэж зайлсхийж буй ч Ерөнхий сайд тэргүүтэй төв нам нь ҮХНӨ-ийг чухалчилж буй аж. Ер нь гишүүддээ бөөн бөөнөөр нь “давхар дээл” углачихаад ҮХНӨ-ийг хийж тогтолцоо, засаг захиргааны дампуурлыг засахгүйгээр хойшлуулах нь эрх баригчдад хохиролтой. Хэрвээ ирэх жил рүү асуудлыг “шидсэнээс” болж аль ч үгүй болвол сонгуулийн үеэр “давхар дээл” тэдний шүдний өвчин болно. Ер нь иймэрхүү улс төрийн үйлдэл сонгуулийн үеэр тун идэвхтэй хасах оноо болдог түүхтэй.
Тиймээс Ардын намынхан ҮХНӨ-ийн үлдсэн хэсгүүдээ энэ намар дуусгахаар бэлджээ. Үүнийг хийхийн тулд Эрүүл мэнд, Барилга болон Шадар гурвын хоёрыг нь АН-д өгөх хувилбар хуучин хэвээрээ байгаа.
65 суудалтай үнэмлэхүй олонх өвөр зуураа асуудлаа шийдэж чадахгүй яваа АН-ыг засагтаа оруулахыг үстэй толгойгоо зулгаахаас наагуур эсэргүүцнэ. Гэвч АН-ыг засагт оруулах шахалтыг Ерөнхийлөгчийн институтээс хийж байгаа тул Ерөнхий сайд ч, гишүүд ч яаж ч чадахгүй байгаа гэдгийг эх сурвалжууд онцолж байна.
Ерөнхийлөгчийн зүгээс цаг үе ороо бусгаа байгаа тул эв эеийг баримтал гэж экс намынхаа удирдлагуудыг тун их шахамдуулсан. Өнгөрсөн сарын сүүлээр сайдуудаа сэлгэн томилохдоо Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй, УИХ-ын дарга хоёртой уулзсан даруйдаа эе эвийг эрхэмлэсэн Засгийн газар гэх хачин яриагаа гаргасан. Учир нь тэр уулзалтаар ийм төрлийн шахалтыг амссан тул яаж чадахгүй АН-ын бүлгээс хоёр сайдын нэр хүлээсэн хэрэг. Гэвч нөгөө хэд нь сайд болох хүнээ тодруулах нь байтугай бүлгээ нурааж, тараагаад бүх зүйл нь бантагнаад дууссан.
Энэ удаад АН-ынхан ҮХНӨ-өөр шалтаглаж засагт орж ирэх эсэх нь тун эргэлзээтэй байна. Үнэхээр ҮХНӨ-ийг хэл амгүй, хэрүүл тэмцэлгүй хийе гэвэл АН-ыг батгааж магадгүй. Гэхдээ нөгөөдүүл нь сайдад хүн өгөх нь байтугай өөр хоорондоо тамга тэмдэгээ булаацалдаж байгаа. Энэ нөхцөл байдлыг нь ашиглаад сарын өмнөх шиг ээ хоорондын “зодоон”-ыг нь улам өрдөж, янаглан хорлож ч болно.
Нөгөө талаараа тэднийг засагтаа багтааснаар ҮХНӨ-ийн дараа ирэх “өвдөлт”-ийг АН-тай хамт үүрэх юм. Өөрөөр хэлбэл, буруудвал хамтдаа ялыг нь үүрнэ гэсэн үг.
Харин АН-ынхны хувьд С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Ганибал тэргүүтэй нөхдүүд сайд болохоор санаархаж яваа. Яланугуяа С.Одонтуяаг энэ ажилд тун идэвхийлэн оролцож Ерөнхийлөгчтэй сайн ойлголцож буй гэх мэдээлэл байна. Тэгвэл Б.Пүрэвдорж, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар орохгүй гэдэг байр суурьтай байгаа аж.
ҮХНӨ-ийг хийх эсэх. Цаашлаад АН-ыг Засгийн газартаа оруулах уу гэдэг шийдэгдсний араас сайдуудын томилгоо яригдана. Боомт хариуцсан сайдаа Л.Оюун-Эрдэнэ анхнаасаа томилоогүй. Учир нь АН-д өгнө гэж хүлээлгэсэн Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын сайдын томилгоог хамтад нь хийх гэж албаар орхисон хэрэг. Мөн нэг дор бүгдийг нь “давхарлах” нь дэндүү муухай харагдах тул түр амьсгаа авахуулаад давхарлах гэж буй нь энэ.
Мөн дээр нь нэмээд Ерөнхий сайдынхаа чихнээс биш хүзүүнээс нь өнгөрсөн хугацаанд хамгийн чанга, хамгийн том хонх зүүж ирсэн С.Амарсайханг солих тухай эрх баригчид ярилцсан. Өнгөрсөн сард С.Амарсайханы оронд Ж.Мөнхбатыг Шадар сайдаар томилох хувилбар яригдсан ч Ерөнхий сайд хоорондоо учраа олохыг шаардсан. Ингээд мань хоёр шөнөжин эрүүл, согтуугийн завсарт ярилцаад шийдэлд хүрсэн гэж эх сурвалж мэдээлсэн. Харин энэ удаагийн томилгооны үеэр Ж.Мөнхбатыг Шадар болгох уу, АН-д өгөх үү гэдгээ Ерөнхий сайд шийдэх биз.
Ийнхүү сайдууд томилогдож дуусмагц МАН-ын бага хурал болж генсекийн асуудлыг нэг талд нь гаргаснаар намрын улс төр шувтрах төлөвтэй байна.