Хөгжмийн дээд боловсрол, хоолойн өргөн цар хүрээ, яруу тод жүжиглэлт гээд нэг хүнээс дэндүү их авьяас, хөдөлмөр шаарддаг урлаг бол яах аргагүй дуурь билээ. Тэгвэл бид энэ удаа Монголын дуурийн урлагийн нэгэн төлөөлөл болох "Дуурь бүжгийн эрдмийн театр"-ийн залуу уран бүтээлч, дуурийн гоцлол дуучин Л.Болдцэрэнтэй дуурийн урлагийн талаар ярилцсан юм.
-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?
Намайг Лхамсүрэнгийн Болдцэрэн гэдэг. Дуурь бүжгийн эрдмийн театрт 2016 оноос хойш ажиллаж байна.
-Цар тахлын үед дуурийн театрийнхан хэрхэн ажиллаж байна вэ?
-Дуурийн хувьд оркесторын хөгжимчид 30-40 хүн, гоцлол дуучин 10 хүн, найрал дуучид 30,40 гээд 100 гаруй хүн нэг жүжигт оролцож, дээр нь нүүр будагчид гэх мэт олон хүнийг хамруулдаг урлаг. Харин цар тахалтай холбоотойгоор олон хүн цуглахыг хориглосон учраас бид ганц ганцаараа багасгасан цагаар ажиллаж байна. Харин бэлтгэлийн хувьд жүжиг тоглоход таваас арвуулаа нэг өрөөнд цугларч бэлддэг байсан бол одоо тус бүрдээ нэг нэгээрээ бэлдэж байна. Ямартай ч бэлтгэлээ зогсоогоогүй.
-Таны хувьд анх хэзээ, яагаад дуурийн дуучин болохоор шийдсэн бэ?
-Би багадаа нийслэлийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагддаг “Бяцхан тод авьяастан” тэмцээнд орж, хоёрдугаар байр эзэлж байсан. Тухайн үед Хөгжим бүжгийн коллежийн Оюун багш намайг хараад, аав ээжтэй уулзаж, урлагийн хүн болох хүүхэд байна, Хөгжим бүжгийн коллежид шалгуул гэж хэлсэн гэсэн. Аав, ээж маань ч дуртай хүлээж авч, хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид шалгуулан орж байсан. Ингээд ерөнхий боловсролын 10 жил, баклаврын 4 жил гээд нийт 14 жил Н.Ганчимэг багшийнхаа удирдлага дор суралцан төгссөн.
Миний хувьд өөр мэргэжлээр суръя гэж бодон өөрөөсөө эрэл хайгуул хийсэн ч, урлагаас хөндийрч чадахгүйгээ мэдсэн. Тиймээс 2-р курстээ давхар дуурийн дуулаачийн ангид шалгалт өгч тэнцээд, төгөлдөр хуурч, дуурийн дуулаач мэргэжлээр зэрэг суралцаж төгссөн.
-Та Санкт Петербургт суралцаж, мэргэжил дээшлүүлсэн гэсэн. Шалгуур, шаардлагыг хэрхэн давав?
Хөгжим бүжгийн коллежоо 4 жилээр суралцан төгсчихөөд Путины нэрэмжит тэтгэлэгт шалгалт өгч тэнцсэн. Тэгээд ОХУ-ын Санкт Петербург хотын Римский-Корсаковийн нэрэмжит консерватурт магистрийн зэрэгт сурсан. Консерватур гэдэг нь хөгжмийн дээд сургууль гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, урлагийн хамгийн том сургууль гэсэн үг. Римский-Корсаковийн нэрэмжит консерватурийн хувьд Оросын хамгийн анхны хөгжмийн томоохон сургууль гэдгээрээ их нэр хүндтэй.
-Тухайн үед тантай хамт монголоос хэдэн оюутан шалгарч явж байсан бэ?
Шалгаруулалтын хувьд төгөлдөр хуур, бүжиг гэх мэт олон төрлөөр авдаг тул 10-аад оюутныг сонгон суралцуулдаг. Тухайн үед яг дуулаачаар бол надаас гадна нэг эмэгтэй тэнцэж явсан санагдаж байна.
-Таны хувьд монголд сурч байгаад, ОХУ-д очиж суралцахад ямар байсан бэ? Сургалтын арга барилын хувьд ялгаатай зүйл нь юу байв?
Ялгаатай зүйл гэвэл Оросод очоод бүх зүйлийг эх хэл дээр нь сурах шаардлагатай. Орос улс өөрөө хөгжмийн талдаа маш баялаг орон. Үзэх, харах, судлах зүйл ихтэй. Сургалтын тал дээр бол дэлхийн алдартай багш нар ажилладаг. Харин заах арга барил, схемийн хувьд монголтой ойролцоо.
-ОХУ-д мэргэжил дээшлүүлж ирчихээд Дуурь бүжгийн эрдмийн театрт хэрхэн орсон бэ? Шалгуур хэр өндөр байв?
Би 2016 оны зун ирээд 9 сард театртаа шалгуулан, хариугаа хүлээж байгаад 11 сараас албан ёсоор орж байсан. Шалгалтын хувьд тусгай зөвлөлийн хүмүүс шүүж авсан.
Л.Болдцэрэн П.И.Чайковскийн "Евгений Онегин" дуурийн гол дүр болох Онегиний дүрийг бүтээжээ. 11.05.2019
-Таны анхны гол дүр юу байсан бэ? Дуурийн театрт ороод нийтдээ хичнээн дүр бүтээв?
Анхны дүрийн тухайд хамгийн азтай нь намайг 2016 онд анх ороход Италийн Дефанов гэх найруулагч ирж, “Севилийн үсчин” дуурийг шинэчилж тоглохоор сонгон шалгаруулалт явуулж таарсан. Миний хувьд тэр шалгаруулалтад тэнцэж, гол дүр болох Фигарогийн дүрд тоглосон. Харин нийт тоглосон том, жижиг дүрүүд нийлээд одоогоор 10 гаруй болж байна.
-Таны өөрийн хамгийн хайртай дүр аль нь вэ?
П.Чайковский “Евгений Онегин” дуурийн Онегиний дүр. Би өөрөө энэ дүрийг Оросод сурдаг байхдаа театртаа нэг удаа дуулчихсан байсан. Харин монголдоо ирээд жилийн өмнө Евгений Онегиний гол дүрд тоглосон. Энэ дүрдээ их хайртай.
-Дуурийг драмтай хосолсон урлаг гэж үздэг. Тэгэхээр дуулахаас гадна жүжиглэх авьяас шаардах байх?
Дуурийн урлаг өөрөө олон зүйлийг цогцлоосон том урлаг. Тиймээс хүнээс хөгжимлөг байх, жүжиглэх, бүжиглэх, дуулах гээд олон төрлийн авьяасаа хөгжүүлэхийг шаарддаг. Түүгээрээ онцлог.
-Дүрийн хувьд эсрэг, эерэг гээд өөр өөр дүрд хувирахад танд аль нь илүү нийцтэй санагдсан бэ?
-Ер нь бол аль алинд нь л тоглоно. Гэхдээ хамгийн гол нь тухайн дүр эсрэг, эерэг гэдгээс илүү, тус дүртэй хоолой нь хэр зохицох вэ гэдэг нь дуурийн урлагт хамгийн чухал байдаг.
Тиймээс миний характер ямар дүрд зохицох вэ гэдгээс илүү хоолойндоо захирагдаж аль дүрд тоглохоо шийддэг.
-Сонгодог урлагийг зарим талаар тодорхой бүлэгт чиглэсэн урлаг гэж үзэх нь бий. Таны бодлоор дуурь нийтийнх байсан нь дээр үү, бүлгийнх байхдаа илүү үнэ цэнэтэй юу?
-Дуурь бол олон зуун жилийн түүхтэй урлаг. Түүнийг ойлгодог хүмүүс, үзэгчдийн тухайд жишээ нь:
Европод гэхэд сэхээтэн хүмүүс илүү дуурийг ойлгож, дурладаг, үнэлдэг гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд одоогоор монголын нөхцөлд үзэгчдийг ялгаад, дуурийг тэрэнд зориулсан урлаг гээд хэлэхэд хэцүү.
Учир нь манай улсын хувьд сэхээтэн гэхээс илүү хөрөнгө чинээгээрээ ялгарсан бүлэг байгаа учраас түүгээр нь харьцуулахад учир дутагдалтай.
Дуурийн дуучин Л.Болдцэрэн П. И. Чайковский "Евгений Онегин" дуурийн гол дүрийг бүтээжээ. Тэрээр
-Манай монголын дуурийн дуучид дэлхийд үнэлэгдэж байна. Цаашдаа та бүхний хөгжилд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
Одоогоор манай дуучид өөрсдийн чадал, боломжоороо л явж байна. Ялангуяа тэмцээнд явахад хөрөнгө мөнгө их шаардана. Гэхдээ тэр болгоныг улсаас гаргуулах боломж хомс гэдгийг бид ойлгож байгаа. Тиймдээ ч өөрсдийн чадлаараа л явж байна.
-Та ярилцлагын төгсгөлд дуурийн урлагийг өөрийн өнцгөөс тодорхойлон хэлээч?
-Өмнө хэлсэнчлэн дуурийн дуулаач болохын тулд олон зүйлээ хөгжүүлсэн байх шаардлагатай. Дуулдаг хэрнээ бүжиглэдэггүй, хоолойн чадалтай хэрнээ хөгжимлөг бус байж болохгүй.
Тэгэхээр тэр олон авьяасыг цогцлоож, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх хэрэгтэй. Залуу хүний хувьд би ч мөн суралцаад л явж байна даа.
Ярилцсанд баярлалаа.