Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах долоон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг нь 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ныг хүртэл зургаан сарын хугацаанд хувийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс чөлөөлөх юм.
Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэл хийв.
Тэрбээр "Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор Засгийн газраас үе шаттайгаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Эхний багц арга хэмжээний хүрээнд ажил олгогчийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг дэмжих зорилгоор иргэд, аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэр гаргасан нь амжилттай хэрэгжиж байна. Энэ арга хэмжээнд 39 мянган аж ахуйн нэгж, 705 мянган ажилтан, 120 мянган сайн дураар шимтгэл төлөгч хамрагдан нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн.
Түүнээс гадна хуульд шимтгэлээс чөлөөлсөн хугацаанд Нийгмийн даатгалын санд өртэй аж ахуйн нэгжүүдэд нэмж алданги тооцохгүй гэсэн заалт байгаа тул өртэй бол шимтгэлээс чөлөөлөгдөхгүй гэсэн нь ташаа ойлголт гэдгийг анхаараарай" гэжээ.
У.БИЛГҮҮН