Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 26 настай эрэгтэйг 15-16 настай охид, хөвгүүд нийлж, бүлэглэн дээрэмдэж улмаар галдан шатаасан гэх мэдээлэл тархаад буй.
Тэгвэл уг асуудалд ЦЕГ-аас тайлбар мэдээлэл өгсөн ба тухай үед хэргийн газар дээр байсан таван хүний гурвыг нь 30 хоногийн хугацаанд яллагдагчаар татаж, үлдсэн хоёр иргэнд хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Мөн 16 настай охин фэйсбүүкээр танилцсан эрэгтэйгээ найзуудтайгаа нийлж шатаасан гэх мэдээлэл бий юм.
Энэ талаар ЦЕГ-аас "Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21:21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээллийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс бүртгэн шалгахад 26 настай, эрэгтэй “Б” гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай бүлэглэн /15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У”/ хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлгэн зодож, улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж гал тавин шатаан хэргийн газраас зугтсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн “Т”-г 30 хоног, 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорих, “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагчдагч “Р”, “У” нарт хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэх мэдээллийг өглөө.