Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 12:00 цагаас олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ.
Тэрбээр эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдэгдэл хийнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь гуравдугаар сарын 27-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах долоон арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн талаар мэдэгдэл хийж байсан юм.
1. 2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд хувийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс чөлөөлөх
2. 2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст ХАОАТ ногдуулахгүй байх
3. 2020 оны 04.01-10.01 хүртэлх зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх
/ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй/
4. COVID-19-ын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох
5. Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох. Шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
6. Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох
7. 2020 оны 04.15-аас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлэх
У.БИЛГҮҮН