Утаанаас болоод урдах замаа ч харж чаддаггүй байсан үе ард хоцорч, хэдийнээ хоёр жилийн нүүрийг үзжээ. Хүйтний ам наашилж буй учир нийслэл хотод сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүд өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхлэв. Үүнээс гадна энэ жилээс эхлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг шинээр багтсан бөгөөд түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Тэгвэл бид уг асуудалтай холбогдуулан Налайх дүүргээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Налайх дүүрэгт нийт 30 цэгт сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах ба 7691 өрх шахмал түлш хэрэглэнэ.
Сайжруулсан шахмал түлшний "КАРТ"-ыг өчигдрөөс эхлэн тараасан учир түлш худалдаалж эхлээгүй байна
Өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлсэн. Энэ дагуу Налайх дүүрэгт байрлах 30 цэг ч үүд хаалгаа нээж, түлш худалдан борлуулах ажлаа эхлүүлээд буй.
Гэвч биднийг тус дүүрэгт очиход түлшний худалдаа эхлээгүй байсан бөгөөд үүний шалтгаан нь айл өрхүүд мөн өчигдрөөс эхлэн картаа авч эхэлж байгаатай холбоотой байв. Иймд бид сайжруулсан шахмал түлш худалдан борлуулж буй цэгийн худалдагчаас мэдээлэл авахад тэрбээр,
"Айл, өрхдөө картаа тарааж амжаагүй байгаа болохоор худалдан авалт эхлээгүй байна. 25-ны өдөр гэхэд бүх ажил жигдрэх байх. Одоогоор нэг цэгт таван тонн буюу 200 шуудай түлшний нөөцтэй байгаа. Дуусах дөхөхөөр нь захиалгаа өгөөд нөхөөд ажиллана. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш хуучин үнээрээ буюу 3750 төгрөгөөр зарагдаж байна" гэв.
Иймд бид Налайх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх алба дээр очин мэдээлэл авсан ба иргэд картаа авахаар хэрэгтэй бичиг баримтаа бүрдүүлэн иржээ.
Сайжруулсан шахмал түлш худалдан авах КАРТ нь "Замбараагүй түлшний хэрэглээг хянах зорилготой бөгөөд тэгш эрхээр түлш авах боломжийг олгодог. Ингэснээр зохиомол хомдол үүсэх, цаашлаад үний өсөлтөөс сэргийлэхийн тулд сайн картыг ашигладаг"
Налайх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны ажилтан Ц.Номингоос тодруулга авахад дараах зүйлийг ярив.
Угаарын хий мэдрэгчийг эхний ээлжинд үнэгүй олгоно
-Энэ өвлөөс эхлэн Налайх дүүргийн иргэд сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон шүү дээ. Мөн өчигдрөөс эхлэн борлуулалтын цэгүүд үүд хаалгаа нээж эхэлсэн, мөн картаа ч бас өчигдрөөс эхлэн тарааж байгаа юм байна. Тиймээс уг асуудалд мэдээлэл өгөхгүй юу?
-Налайх дүүргийн иргэд өчигдрөөс эхлэн картаа авч байгаа. Мөн түлшээ авч эхэлсэн. Иргэд оршин суух хороогоороо төлөвлөгөөт хугацаанд ирж картаа авах боломжтой. Харин заасан хугацаанд картаа авч чадаагүй иргэд 26-ны өдрөөс хойш хэзээ ч хамаагүй ирж картаа авах боломжтой. Түүнээс гадна ажил төлөвлөгөөний дагуу явагдах бөгөөд эхний ээлжинд айл өрхүүддээ картаа тараагаад, дараа нь угаарын хий мэдрэгчийг манай хяналтын ажилтнууд гэр, гэрт нь очиж байрлуулж өгөх төлөвлөгөөтэй байгаа.
-Өчигдрөөс борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлсэн юм чинь энэ хугацаанаас өмнө айл өрхүүддээ картаа тарааж болохгүй байсан уу. Ингэж зэрэг эхлүүлэхээр түлшний худалдан авалт эхлэхгүй байгаа юм биш үү?
-Цаанаас ирсэн журмын дагуу ажиллаж байна. Нийслэлийн зургаан дүүрэг мөн Налайх дүүрэгтэй нийлээд долоон дүүрэг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн картаа тараана гэсэн учир өчигдрөөс эхлээд карт тарааж байгаа.
-Карт захиалах иргэд ямар, ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
-Иргэний үнэмлэхний хуулбар, хорооноос оршин суух хаягийн тодорхойлолт мөн банкинд тушаасан 3000 төгрөгийн баримт зэргийг шаардаж байгаа. Иргэд бүрдүүлэх ёстой зүйлсээ бүрэн авч ирсэн бол тэр дор нь бүртгээд картаа өгч байгаа.
-Угаарын хий хэмжигчийг хотын төвийн өрхүүдэд анх удаа авахад нь үнэгүй тарааж, суурилуулж байсан. Танай дүүргийн хувьд угаарын хий мэдрэгчийг үнэгүй олгох уу, эсвэл үнэтэй олгох уу?
-Эхний ээлжинд үнэгүй олгоно. Хамгийн сүүлийн үеийн угаарын хий хэмжигч байгаа. Угаарын хий гарсан тохиолдолд манай 24 цагийн төв рүү дохио ирнэ. Улмаар тухайн айл руу холбогдож, угаарын хийд хордох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
Ингэхдээ хөршийн дугаарыг болон яаралтай үед холбогдох хоёр хүний дугаарт холбогдон угаарын хийн мэдээллийг өгч, тухайн айлыг аюулаас хамгаална. Хэрэв эдгээр дугаар холбогдохгүй, эсвэл авахгүй тохиолдолд манай байгууллага болон ОБГ-ын ажилчид хэдэн цаг ч байсан хамаагүй тухайн өрхийн гишүүдийг сэрээх ажил хийнэ.
-Угаарын хий хэмжигч хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ. Түүнээс гадна эхний ээлжинд айл өрхүүддээ үнэгүй суурилуулж өгч байгаа учир ямар нөхцөл тавьж байгаа юм бол?
-Угаарын хий хэмжигч нь өөрөө 80 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ өмнө хэлсэнчлэн эхний удаад үнэгүй суурилуулж өгөх учир хариуцлагын гэрээ байгуулна. Эвдэрч, гэмтсэн тохиолдолд тухайн өрх хариуцна. Ахин шинийг өөрсдөө худалдан авна.
-Нийт хичнээн өрх сайн карт авах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Дүүргийн өрхүүд болон лагерын өрхүүд нийлээд 9000 орчим бий. Гэхдээ үүнээс зарим нь цахилгаан халаалттай, эсвэл өвөл өвөлжихгүй учир карт авахгүй юм. Одоогоор судалгааны ажил үргэлжилж байгаа учир нарийвчилсан тоог хэлэхэд бэрх байна. Гэхдээ ойролцоогоор 7691 өрх гэсэн мэдээлэл бий.
-Сайжруулсан шахмал түлш худалдан авах айл өрхүүдэд лимит тогтоож өгдөг шүү дээ. Энэ мөн танай дүүрэгт хэрэгжих үү?
-Мэдээж тэгэлгүй яахав. Долоо хоногт нэг өрх 6 шуудай нүүрс авах боломжтой.
"Нэг өрх сард нийт 90,000 төгрөгийн үнэ бүхий шахмал түлшийг хэрэглэнэ"
-Налайх дүүргийн хувьд амралтын газар, ААН-үүд олонтой шүү дээ. Тиймээс эдгээр газрууд шахмал түлшээ хэрхэн худалдан авах боломжтой юм бол?
-ААН-үүдийн хувьд иргэдийг бодвол арай өөр материалуудыг бүрдүүлж ирж байж шахмал түлш худалдан авах эрхтэй болно. ААН-үүд маань галлагааны хуваарь гаргаад сайжруулсан шахмал түлшээ тонноор нь авах боломжтой.
-Иргэд заавал харъяа борлуулалтын цэгээсээ түлшээ авах ёстой юу эсвэл өөр цэгээс худалдан авалт хийх боломжтой юу?
-Мэдээж боломжтой. Өөрийн гэрт нь ойрхон цэгт түлш дууссан бол өөр цэгээс түлшээ авах боломжтой юм. Мөн цаашид үе шаттайгаар борлуулалтын цэгүүдийн тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа.
-Налайх дүүргийн хувьд түүхий нүүрс хэрэглэдэг шүү дээ. Тийм ч учир өвлын улиралд уурхайгаас нүүрс олборлох иргэд нэмэгддэг. Сайжруулсан шахмал түлш ашигласнаар энэ зүйлийг халах төлөвлөгөөтэй байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Бид "Тавантолгой- Түлш ХХК", ОБГ, Цагдаагийн газар гээд олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа учир дээрээс ямар журам ирсэн түүгээрээ ажиллана.
-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн айл өрх сайн картаа авсан байна вэ?
-100 гаран өрх картаа авсан байна. Гэхдээ мэдээлэл нь шивэгдээгүй олон айл байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Борлуулалтын цэгүүд өглөөний 07:00-22:00 цагийн хооронд ажиллана.
Бид Налайх дүүргийн иргэдээс сайжруулсан шахмал түлш ашиглах болсон талаарх сэтгэгдлийг сонсоход сайшаалтай байгаагаа илэрхийлэв.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр Налайх дүүргийн утаажилт багасна, энэ нь хамгийн авууштай зүйл нь байна
Иргэн "Шахмал түлшний давуу тал бол яах аргагүй түүхий нүүрсийг бодвол дулаан хадгалах чадвар сайтай. Удаан шатдаг юм шиг санагддаг. Түүнээс гадна дүүргийн агаарын чанар, утаажилтыг багасгана гэдгээрээ илүү авууштай байна.
Миний хувьд одоо картаа авахаар хүлээгээд сууж байна. Шаардлагатай материалуудаа бүрдүүлээд өгчихсөн. Картыг тэр дор нь өгч байгаа болохоор давуу талтай санагдаж байна" гэлээ.
Харин өөр нэг иргэн өмнө нь карттай байсан учир ахин карт захиалах шаардлагагүй байгаа нь онцлог байгааг хэлсэн юм.
Налайх дүүрэгт шилжин ирсэн учир шинэ карт захиалах шаардлагагүй, хуучин картаа ашиглах боломжтой
Иргэн н.Цэцэг "Миний хувьд өмнө нь Баянзүрх дүүрэгт амьдардаг байж байгаад Налайх дүүрэгт ирж суурьшсан. Заавал шинэ хаяг дээрээ карт захиалах ёстой юм болов уу гэж бодоод иртэл хуучин картаа ашиглах боломжтой юм байна. Одоо очоод түлшээ авсан ч асуудалгүй юм байна.
Ерөнхийдөө сайжруулсан шахмал түлш өмнө хэрэглэж байсан туршлагатай учир одоо түлэх гэж байгаа иргэдээ зааврын дагуу, аюулгүй, зөв асаах хэрэгтэй гэдгийг хэлье" гэсэн юм.
Налайх дүүргийн хороодод сайжруулсан шахмал түлш борлуулах мэдээлэл
Налайх дүүргийн хувьд энэ жилээс эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх болсон нь маш сайшаалтай үйл явдал. Ялангуяа иргэдийн зүгээс уг явдалд туйлын баяртай байгаа аж. Гэвч иргэдэд мэдээ мэдээллээ эрт өгсөнтэй адил картыг ч мөн эрт тараасан бол түлш борлуулалтын цэг үүдээ нээсэн ч худалдан авалт эхлэх байсан нь гарцаагүй. Ойрын хэд хоног нийт нутгаар сэрүүн байна. Гэтэл карт захиалга болон борлуулалтын цэгүүдийг зэрэг эхлүүлсэнээс үүдэн айл өрхүүд түлшээ авч амжаагүй байгаа юм. Иймд энэ мэт асуудалдаа хянамгай хандах хэрэгтэйг сануулах нь зөв биз.