Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гараад буй. Түүний хувьд Засгийн газрын эл шийдвэртэй холбогдуулан өөрийн байр сууриа хэвлэлд өгсөн яриандаа ийнхүү илэрхийлжээ.
Тэрбээр "Сайдын тушаал гарсан. Түр орлон гүйцэтгэгч нарыг ч томилсон. Миний ажлаа өгөх асуудал хуулиараа тодорхой ном журмын дагуу явах ёстой. Нэгдүгээрт, Оросын талтай зөвшилцөнө. Хоёрдугаарт, удирдах зөвлөлийн хурлаар шийднэ. Л.Энх-Амгалан сайдын өөрийнх нь баталсан Удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл дотор ОХУ-ын Буриадын Боловсролын сайд байгаа. Орос Монголын хамтарсан Удирдах зөвлөл байгаа шүү дээ. Түүний дараа ажлаа өгөх асуудал яригдах учиртай юм. Ажлаа өг гэж олон дахин энэ хавиар гүйж ирээд л, эцэг эхчүүд түүнийг нь эсэргүүцсэн үйлдлүүд гарч байна.
Ирж байгаа хүмүүс нь "Бид сайдын тушаалыг л биелүүлж яваа шүү дээ" гэж арга тасарсан зүйл ярьж байна л даа. Удирдах зөвлөлийн дарга Оросын талын байр суурийг сонсохоор албан бичиг явуулсан байгаа. Сайдын тушаалыг зөв эсэхийг шүүх шийдэх ганц байгууллага нь шүүх. Би түүнийг мэдэж байгаа. Тамга дамжуулж өгөөд л дуусчих асуудал биш. Энэ сургууль маш эмзэг сургууль. Хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ сургуулийн өмчийг надад хариуцуулж өгсөн. Би ОХУ-ын энэ том өмчийг хариуцаж буйн хувиар гэнэт БШУ-ны сайд нь намайг халчихлаа гээд орхиод явчихаж болохгүй байна. Бүх асуудлаа шийдсэний дараа явна" гэв.