Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр хүнсний ногоо үйлдвэрлэлийг дэмжих, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, ногоочдын чадавх, орлогын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах зорилго бүхий нийт 42 сая ам.долларын санхүүжилттэй төслийн зээл болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нар хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав.
Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-өөр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн 12 услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах бөгөөд үүний үр дүнд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ 8.0 мянган га-аар нэмэгдэх юм.
Мөн төслийн хүрээнд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төвөөр дамжуулан орон нутгийн 4 судалгааны хүрээлэнг орчин үеийн тоног төхөөрөмж, байгууламжаар хангаж, нүүрстөрөгч бага, ургалтын хугацаа урт, хүнсний ногоо болон сайн чанарын үр тариалах хүлэмжийг барих, дөрвөн улирлын хүлэмж барих, ус, эрчим хүчний хэмнэлттэй усалгааны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн системийн тогтвортой байдлыг сайжруулах дэд бүтцийн болон техникийн чадавхийг бэхжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
Төслийг Төв, Сэлэнгэ, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Хэнтий аймгуудад АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээс гадна Ядуурлыг бууруулах Японы сангаас 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ.
У.БИЛГҮҮН