Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна гэсэн мэдээг энэ сарын 7-ны 12 цаг орчим Консулын газраас мэдэгджээ. Одоогийн байдлаар аврах ажиллагааг Кыргызстан улс дахь Монгол улсын Элчин сайдын яамтай хамтарч зохион байгуулж байгаа аж. Уулчин Х. Бумхишигийн биеийн байдал сайн, хоол ундны байдал хүрэлцээтэй бөгөөд 4 дэх хоног дээрээ ууланд гацжээ.
Тухайн уулын баазууд ихэнх нь буусан, шууд аврах ажиллагаа явуулах уулчин Ленин оргилд ойрхон байхгүй тул ийм хэмжээний хугацаа алдаад байгаа юм. Иймээс МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржын хамтаар өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатараас мордлоо.
Аврах ажиллагаанд явах зардлыг МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Жаргалант уулчдын клуб, Цэгц клуб болон бусад хандив дэмжлэгээр бүрдүүлжээ.