Хүүхэд бүрийн хамгийн их очих дуртай газар бол ХҮҮХДИЙН ПАРК. Тэнд л тэд аз жаргал, баяр баяслыг мэдэрч, нийгмийн харилцаанд орох үндэс сууриа бага ч болов тавьдаг. Гэвч нийслэл хотод ганцхан гэх тодотголтой “Үндэсний соёл амралтын хүрээлэн” дулаан орохтой зэрэгцэн нээгээд, хүйт даахтай уралдан хаадаг.
Гэхдээ энэ байдал хоёрхон жилийн дараа зогсох бололтой. 2024 онд гэхэд бид Диснейлэнд шиг биш ч ядаж л жилийн дөрвөн улиралтай хүүхдийн парктай болох нь. Тодруулбал, НЗДТГ-аас “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-ийн эзэмшилд байсан 10,2 га газрыг хуулийн дагуу өөрийн нэр дээр шилжүүлж, нийслэлийн тусгай хэрэгцээнд бүртгэн уг газрыг зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцлийг бүрдүүлэхээр болов. Түүнээс гадна жилийн дөрвөн улиралд ч үйл ажиллагаагаа явуулах боломжийг нээж өгөв. Тиймээс бид уг асуудлын талаар сурвалжилж, иргэд болон дотор нь ажиллаж буй ажилчдын байр суурь ямар байгааг сонслоо.
1965 онд үүсгэн байгуулагдаж, 1966 онд анх нээгдэж байсан Үндэсний соёл амралтын хүрээлэн нийт 35 га талбайг хамардаг.
“СБД, 1-р хороо “Үндэсний соёл амралтын хүрээлэн”
Налгар зуны өдрүүдийг хүүхдийн паркгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хэдхэн хоногийн дараа л гэхэд хүйтний эрч нэмэгдэж, хүүхдийн парк эзгүйрэн, хаалгаа барина. Тийм ч учир хүйтрэхээс урьдаад паркийг зорих хүмүүсийн тоо тасралтгүй үргэлжилсээр л байлаа. Хичээл сургууль эхэлсэн болоод ч тэр үү сурагчид цөөн байсан ч гэр бүлээрээ, найз нөхдөөрөө чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж буй олон хүн байв.
Өвөл хүүхдийн парк ажиллана гэдэг нь өвөрмөц санагдаж байна
Иргэн "Жилийн дөрвөн улирал ажиллах болсныг сонсоход таатай байна. Маш гоё сонсогдож байна. Гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой. Ялангуяа насны хязгааргүй болохоор илүү сайхан санагдаж байна. Өвөл, хаврын улиралд хаашаа явах вэ гэж бодохгүйгээр шууд л парк оръё гэдэг болох байх.
Дөрвөн улирал ажиллана гэхээр мэдээж зундаа гадаа тоглоомууд дээрээ тоглоно. Харин өвөл ажиллавал маш өвөрмөц, өөр байх юм шиг санагдаж байна. Хүйтний улиралд тохирсон тоглоомууд ч бас шинээр нээгдэх байх" гэлээ.
Жилийн дөрвөн улирал ажиллавал ажлын байрны хүртээмж ч нэмэгдэнэ
ҮСАХ-ийн ажилтан "Энэ бол маш зөв шийдвэр гэж харж байна. Учир нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байснаар ажлын байр нэмэгдэх байх. Миний хувьд МУИС-ийн оюутан. Чөлөөт цагаараа, хичээлээ зохицуулаад хүүхдийн парк дээр ажиллаж байгаа. Одоо хүйт ороод эхэлмэгц хаалгаа барина. Тиймээс энд ажиллаж байгаа бүх хүн ахиад өөр ажлын байр хайх хэрэг гарна.
Мэдээж хэрэг манай нийгэм ямар байгаа билээ ажил олдох, олдохгүй нь тодорхойгүй шүү дээ. Тиймээс хамгийн эхний давуу тал бол оюутан залуусаас эхлээд бүх хүнд ажлын байр гарч ирэх байх. Түүнээс гадна өвлийн цагаар ч гэсэн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болох юм байна" гэв.
Паркийн тоглоомууд цөөхөн санагддаг
Иргэн "Хүйтний улиралд хүүхдээ салхилуулах газар байхгүй заавал хотоос гарч байж салхилуулдаг шүү дээ. Тийм учраас ганцхан зун ч гэлтгүй, өвөл, хавар, намрын улиралд гарч ирээд салхилаад суух боломжтой болох юм байна.
Миний бодлоор одоо паркт байгаа тоглоомуудын тоо цөөхөн санагддаг. Адгалж наад зах нь хүүхдийн баяраар л гэхэд нэг тоглоом дээр маш урт дараалал үүсчихсэн байдаг шүү дээ. Тийм болохоор тоглоомуудынхаа тоог нэмэх хэрэгтэй байх" гэлээ.
Өвөл тоглох боломжтой тоглоомууд олон байх хэрэгтэй
Ажилтан "Хүүхдүүдийн хувьд парк дээр ирээд тоглох дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр дөрвөн улирлын турш тоглох боломжтой болбол сайхан санагдаж байна. Тоглоомуудаа ч бас илүү олон болгоод, өргөжүүлбэл илүү гоё байх. Одоо байгаа тоглоомуудын хувьд зөвхөн зун л ажилладаг учраас өвлийн улиралд тохирсон тоглоом олныг бариасай гэж хүсч байна" гэсэн юм.
Жил бүр паркийн тоглоомуудыг шинэчлэн засварладаг бөгөөд хамгийн сүүлд шинээр 4 тоглоом барьсан. Одоогоор нийт 23 тоглоомтой.
НИТХ-ын хурал өнгөрөгч лхагва гарагт болсон бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргаас гаргасан саналыг бүрэн дэмжсэн.
Тэгвэл уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Олимпын гүүрний бүтээн байгуулалттай холбоотойгоор паркийн бүтээн байгуулалтын ажил хоёр жил гаруйн хугацаанд зогссон. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс 2015, 2016 онд нийслэлийн төсөвт 698 сая төгрөг төвлөрүүлж байсан бол жилд 800 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, цаашид төслийн бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа жигдрээд ирэх үед нэмэлт хөрөнгө төвлөрүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тохиролцож чадсан.
Тохижилтыг хийхдээ бүх насны хүмүүст зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахыг Нийслэлийн ИТХ-аас үүрэг болгосон. Энэхүү бүтээн байгуулалтыг Рио тинто компанитай хамтран энэ намраас эхлэх бөгөөд ирэх хавар хүртэлх хугацаанд өрнүүлэхээр болсон" гэв.
Паркийн бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгээс гадна битүү дээвэртэй тоглоомын төв байгуулна.
Паркийн тухай сонирхолтой баримтуудаас
Иргэдийн зүгээс Үндэсний соёл амралтын хүрээлэнг жилийн дөрвөн улиралд ажиллахаар болсонд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Түүнээс гадна тус байгууллагад ажиллаж буй залуус ч улирлын чанартай ажил учир ахин ажил хайх шаардлагагүйгээс гадна тогтмол ажлын байртай болж болох талаар хэллээ.
Ямартай ч бид ирэх хэдэн жилдээ багтаан бүтэн жилийн хугацаанд тасралтгүй ажиллах боломжтой "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-тэй болох аж. Гагцхүү хэлсэн хугацаандаа амжиж, бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлж, заасан хугацаанаасаа хэтрэлгүй үүд хаалгаа нээхийг л харах үлдлээ. Аливаа эхэлсэн ажлаа замхруулалгүй, олон иргэнд хүлээлт үүсгэхгүй байхыг дээр, дооргүй нэг тунгаан бодож ажиллах нь зүйтэй биз ээ.