БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломын асуудлаар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Дипломын дугаар давхардсан, овог нэр регистрийн дугаар өөрчилсөн зэрэг зөрчил их байна. Боловсролын бүртгэлгүй дипломын зөрчил 139 байгаа нь тухайн жилүүдэд их дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг бичиж хуурамч диплом дээр дугаар олгосон гэсэн үг. Ингэхдээ Боловсролын яамнаас олгогдоогүй, хүчингүй болсон дугаарыг ашиглаж үйлдэгдсэн байна.
Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй зөрчил байна. Энэ бол диплом олгодог буюу төгсөлтийн тушаалгүй мөртлөө диплом бичээд өгчихдөг. Жишээ нь “Газарчин” дээд сургууль гэх мэт сургуулиуд дээр ийм зөрчил илэрсэн. Тухайлбал, Завхан аймгийн нэг суманд долоо, хамгийн ихдээ 20 гаруй магистрийн дипломыг суралцаагүй хүүхдүүдэд олгосон байна.
14 хоногийн өмнө 21 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Онцолж 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар бид мэдээлсэн. Эдгээр сургуулийн үйлдсэн хамгийн том асуудал бол суралцаагүй хүүхдүүдэд бакалаврын, магистрын диплом олгосон асуудал байгаа.
Төгсөгчдөд олгосон бичиг баримтууд Боловсролын яамны дээд боловсролын системд хуурамч буюу зөрчилтэй дипломын шивэлт хийж баталгаажуулдаг. Гэтэл түүнийг албажуулж, баталгаажуулсан хууль бус асуудал гарсан.
Ерөнхийдөө нэг хэсэг нь хуурамчаар үйлддэг, нөгөө хэсэг нь баталгаажуулдаг, түүнийг системд бүртгэдэг сүлжээ үүссэн байх магадлалтай онц ноцтой үйлдлүүд гарлаа.
Баримт бичгийг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Тиймээс 724 зөрчилтэй асуудлыг бид ЦЕГ-д албан ёсоор шилжүүлж байна" хэмээлээ.