Дарханы шороон замаа хучих гэж ядсаар байтал өвөлтэй золгох нь. Л.Халтар сайдын хэлснээр 57 хоногийн дараа л гэхэд бид Дарханы замын энхэл, донхолгүй хэсгээр зорчих хувь тавилантай байсан юм. Гэтэл энэ “мөрөөдөл” ч будаа болж, замын ажил хугацаанаасаа хойшилж магадгүй байгаа талаар салбарын сайд нь мэдэгдэв. Харин удаашралтай байгаа шалтгаан нь цементийн нийлүүлэлт тасалдсан буюу Хөтөлийн цементийн үйлдвэр засварт орсоноос үүдэлтэй. Тэгвэл өнгөрсөн хугацаанд цементийн нийлүүлэлтийг нь тасалдуулахгүй хэмээн цээжээ дэлдэж байсан нөхөд хаачсан хэрэг вэ.
-МОНЦЕМЕНТ ХХК: Гол ачааллыг нь Монцемент үүрч байна-
Хөгжлийн банкны асуудлаар “баалуулж” ирсэн Монцемент компанийг Дарханы замын гол ачааллыг үүрч яваа хэмээн мэдэгдэв. “Монцемент” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан “Дарханы замд Монцемент одоогийн байдлаар 235 вагон- 15,500 тн цемент өнөөдрийг хүртэл тасралтгүй нийлүүлсээр байна. 3 сараас хойш вагон хангалтын асуудлыг хэлсээр ирэхэд байдал сайжраагүй. Гол ачааллыг нь Монцемент үүрч байна” хэмээн жиргэжээ.
Тэгвэл бид одоо төрийнхөө үйлдвэрийг эрэн сурвалжлах шаардлагатай болж таарлаа. Тэр тусмаа эдийн засагчийн статусаас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар томилогдсон Л.Наранбаатар гэгч нөхрийг.
-Ажлаа хий, Л.Наранбаатар дарга аа-
Цемент тасалдсан шалтгаан нь Хөтөлийн цементийн үйлдвэр засварт орсонтой холбоотойг салбарын сайд мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1 гэхэд дуусгана гэж байсан чулуунцарын үйлдвэрийн засварын ажил нь өнөөдрийг хүртэл засвар нь дуусаагүй болж таарлаа. Энэ байдлаас шалтгаалан өдөрт 1850 тонн цемент нийлүүлж байна хэмээн ам гарч байсан Дарханы зам дээр тань өнөөдрийн байдлаар өдөрт 400-500 тонн цемент нийлүүлэгдэж байна, Л.Наранбаатар дарга аа.
Хувийн хэвшилд байсан Хөтөлийг төр "дээрэмдэж" аваад улстөрчөөрөө бол оймсны зиндаатай, эдийн засагчаараа бол байдаг л нэг поп этгээдэд өгсөн. Эцэст нь цемент ч үгүй, Дарханы зам ч үгүй боллоо. Ядаж энэ нөхрийг солихгүй бол ирээдүйд үйлдвэр ч үгүй болох нь байна.
Ер бодоход, зун дуусчихсан шүү. Наадам хэсэж, бумбын тахилга ярьж, уул овоонд гарч байх хооронд чинь зам, барилгын ажлын улирал дууслаа. Нэг бол ажлаа хий. Үгүй бол тэр уул хангайдаа очоод, сагсны багаа дэмжиж суу. Б.Энх-Амгалангийн хуулсан, Л.Халтарын дуусгаж чадаагүй Дарханы замыг нэг өдрийн өмнө ч гэсэн авмаар байна.