Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн нийслэл хотын замын түгжрэл дээд цэгтээ хүрч, тэг зогсолт хийх магадлал өндөр болдог. Иймээс нийслэлийн автомануудыг улсын дагаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй бөгөөд түгжрэл тодорхой хувиар буурсан гэх мэдээллийг албаныхан өгөөд буй.
Тэгвэл автомашиныг улсын дугаараар нь хөдөлгөөнд оролцуулж буй болон цаашид уг зохион байгуулалтыг хэрэгжүүлэх тал дээр иргэдийн зүгээс ямар байр суурьтай байгааг сонслоо.
Дан ганц түгжрэлийг бууруулахдаа анхааралгүй нийтийн тээврийн хүрэлцээнд ч мөн санаа тавих хэрэгтэй
Түгжрэл буурч байгаа нь нүдэнд ил харагдаж байна. Миний хувьд машингүй болохоор жолооч нарт ямар байгааг сайн мэдэхгүй юм. Гэхдээ автомашины тал хэсэг нь явахгүй байгаа болохоор түгжрэл буураад, сурагчид төдийгүй иргэдэд ч ажил албандаа явахдаа хоцрохгүй байгаа нь сайшаалтай.
Гэхдээ зарим нэг чиглэлийн автобусны хүрэлцээ муу байна. Хүмүүс нь багтахгүй, буудал дүүрэн хүмүүс зогсож байгаа нь нийтийн тээврийн хүрэлцээ муу байгаагийн илрэл болов уу. Тиймээс автобусныхаа тоог нэмээд, хүрэлцээг нь сайжруулбал цаашид тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох нь таалагдаж байна. Тиймээс дан ганц түгжрэлдээ анхааралгүй нийтийн тээврийн хүрэлцээндээ анхаарахгүй бол мянга түгжрэл буураад яах билээ.
Тэгш, сондгой улсын дугаараар хөдөлгөөнд оролцуулах нь одоохондоо хамгийн зөв шийдвэр байх
Өдөр болгон бөглөрч байснаас энэ хэвээрээ цаашид үргэлжлүүлбэл тун зүгээр санагдаж байна. Өөр гарц гаргалгаа байхгүй болохоор одоохондоо энэ нь зөв шийдвэр юм болов уу. Жолоочид өөр, өөр зүйл ярих байх. Гэхдээ миний хувьд бол зохицоод л явна даа.
Гэхдээ зайлшгүй нөхцөл байдалд бол хэцүү л байх. Ялангуяа эрүүл мэндийн асуудал тулгарвал яах ч аргагүй шүү дээ. Тиймээс онцгой нөхцөлд цагдаа нар иргэдээ ойлгоод, хөдөлгөөнд оролцуулах хэрэргтэй байх. Гэхдээ зайлшгүй нөхцөлд шүү дээ.
Хязгаарлалтын бүсээ бага зэрэг тэлж өгвөл тун зүгээр
"Энэ хэвээр цаашид явбал тун зүгээр юм уу гэж харж байна. Гэхдээ хязгаарлалтын бүсээ бага зэрэг тэлж өгвөл зүгээр юм уу гэж харж байгаа. Бүх хүн төв рүү ороод байхгүй шүү дээ. Тэгш, сондгой хамаагүй бүгд л хотын захаар хөдөлгөөндөө оролцож байна лээ. Жишээлбэл, КТМС-ийн урдаас ялгалт хийж байгаа. Түүнийг жаахан тэлж өгвөл зүгээр санагдаж байгаа. Ирэх нэгдэхээс хичээл сургууль бүрэн жигдэрээд эхэлнэ. Хэрэв энэ үед дугаарын хязгаарлалт зогсчихвол буцаад л түгжрэл үүсэх магадлалтай болно. Тиймээс цаашид энэ хэвээрээ үргэлжлүүлээсэй гэж бодож байна.
Мөн гэр хорооллоор сурагчдын автоусыг сайн явуулж өгмөөр байна. Хэрэв тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ хүргэх, авах зэрэг асуудал нь багасна цаашлаад түгжрэл ч гэсэн багасна шүү дээ" гэсэн юм.
Хяналт, зохицуулалтаа сайтар чангатгах хэрэгтэй
Бүгд түгжирч байхаар нэг өдөр өнжөөд дараа нь чөлөөтэй явж байвал зүгээр санагдаж байна. Тэгш дугаартай автомашин явах өдөр сондгой дугаартай машин явж байгаа тохиолдол ч их гарч байна. Үүнийг сайн зохицуулж, хяналтаа чангатгах хэрэгтэй байх.
Энэ бол түрхэн зуурын галыг унтрааж байгаатай адил
"Миний бодлоор энэ нь түрхэн зуурын гал унтрааж байгаатай адил зүйл. Тийм ч их ялгаа гарахгүй байх. Эхнээсээ ийм дүрэмтэй явж байсан бол үүндээ дасчихсан байгаа шүү дээ. Гэтэл гэнэт ийм шийдвэр гаргасан нь зарим хүмүүсийн хувьд маш хүндрэл учруулж байгаа байх.
Яахав манайхан аливаад зохицон амьдрах чадвар сайтай учраас болгоод байх шиг байна. Тиймээс цаашид энэ хэвээрээ үргэлжилбэл болохгүй гэх зүйл байхгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.