УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдийн ихэнх нь шинэ сайд нарын төсөв санхүүгийн талаар тодруулж байсан юм.
Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нэг ч яам нэмэгдээгүй. Өмнө нь бид баталсан ЭЗХЯ, Цахим бодлогын яам хоёр сайдтай болж байна. ЭЗХЯ өмнө нь байгуулагдсан нь татан буугдсан нь Сангийн яамтайгаа зөрчилдсөнтэй холбоотой. Бүтэц бүрэлдэхүүнээ хуваах тал дээр нэгдсэн удирдлагаар хоорондоо зохицож чадаагүй асуудал байсан. Эдийн засаг, хөгжлийн яам хэт хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг татаж аваад, асуудалд орсон байсан. Тиймээс цаашдаа ЭЗХЯ бодлого төлөвлөлтийг хийнэ гэж ойлгож байна.
Бид өөрсдөө бодож олсон зүйл биш. Засаглалын хувьд сайн гэж яригддаг Сингапурын Засгийн газартай хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байна. Тэнд нэг сайд нөгөө яамныхаа дэд сайд байдаг. Давхар алба хашдаг. Энэ нь салбар хоорондын уялдааг хангах боломж байдаг. Манайд ажлын уялдаа холбоо тал дээр алдаад байгаа. Энэ асуудлууд шийдвэрлэгдээд ирэхэд орон тоо маш хурдан багасах боломжтой. Энэ бол олон оронд туршигдаад амжилттай болсон хэлбэр" хэмээсэн юм.
Ингээд санал хураалт явуулж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг 85.7 хувиар дэмжлээ.
Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ руу шилжүүллээ.