
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах ажлын хүрээнд /2026.08.10/ Хөвсгөл, Увс, Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Хөвсгөл аймаг эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, дулааны станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Мөрөн дэд станцыг өргөтгөх, “Могойн гол” ХК-ийн нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх, дулаан, ус сувгийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, Мөрөн–Хатгал–Ханх боомт чиглэлийн авто замын засвар, арчлалтыг эрчимжүүлэх, алслагдсан сумдын Эрүүл мэндийн төвийг автомашинаар хангах, дархлаажуулалтын дутуу санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцууллаа. Шадар сайд “Могойн гол” ХК-д үүссэн нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаа илэрхийлэв.

Увс аймаг Улаангомын Дулааны II станцын эх үүсвэрийн өргөтгөлийн ажил 47 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээлэв. Төслийг халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгахад шаардлагатай 8.7 тэрбум төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэлээ. Мөн аймгийн Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж, болзошгүй эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлийг Шадар сайд өглөө.

Баян-Өлгий аймаг аюулгүйн нөөцөд 313.4 тонн өвс, 202 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 334 тонн өвс, 204 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрэн бүрдүүлж малчдын түвшинд 66,050 тонн өвс, 6,345 тонн гар тэжээл, 6,445 тонн давс, хужир, шүү бэлтгэхээр төлөвлөжээ.
Тус аймаг:
-Малын гоц халдварт шүлхий өвчин (SAT-1 хэвшил)-тэй тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд нийт 1,142,515,941 төгрөгийн зардал гарснаас 778,083,120 төгрөгийн өр төлбөр үүсээд байгаа тул дээрх санхүүжилтийг шийдвэрлүүлэх,
-Аймгийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор мах бэлтгэх аж, ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах,

-Авто зам засвар арчилалтын ‘’Жол’’ ХХК-ийн улсын чанартай авто замын өвлийн арчлалтын хүрээнд 2025 онд 206,347,705 төгрөг, 2026 онд 118,077,102 төгрөг нийт 324,424,807 төгрөгийн өр төлбөрийг тус тус шийдвэрлүүлэх саналтай байгаагаа танилцууллаа.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын Чөлөөлье бодлогын хүрээнд аймаг, орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж, шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлаа өөрсдийн төсвөөрөө шийддэг байх боломж нэмэгдүүлэхээр ажиллаж буйгаа онцолж байна. Түүнчлэн, улсын төсөвт дарамт учруулахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай гэв.
Цаашид орон нутаг гамшиг, осол гарсны дараа арга хэмжээ авах бус, эрсдэлийг урьдчилан тооцож, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх нь чухал байна. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гамшгаас хамгаалах чадавх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай хийх нь зүйтэй гэдгийг Шадар сайд тодотголоо.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!