Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар Дундговь аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын удирдлага, албан хаагчидтай цахим уулзалт хийж, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, хяналт-шинжилгээ, үнэлгээний судалгаа, шинжилгээний дүнг танилцууллаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үндсэн 4, дэд 13 үзүүлэлтээр үнэлэхэд Дундговь аймаг дундаж үнэлгээгээр тэргүүлж байгааг уулзалтын үеэр онцоллоо.
Уулзалтаар иргэдээс төрийн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, dashboard.gov.mn нэгдсэн мэдээллийн сангийн ашиглалт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, эрсдэлийн удирдлага, хэрэглэгч болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг танилцуулав.
Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Цаашид хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхой, хэмжигдэхүйц байдлаар томьёолох, хэрэгжилтийг бодит тоо баримтад үндэслэн үнэлж, хүрсэн үр дүнг бодитой тайлагнахад онцгой анхаарч ажиллах чиглэл өглөө.
Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад чиг үүргийн шинжилгээ хийх арга зүй, аргачлалын чиглэлээр сургалт, зөвлөгөө өгч, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!