Засгийн газрын наймдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан. Тэгвэл өнөөдөр /2022.08.25/ Ерөнхий сайд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдээс Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг томилох саналыг оруулжээ. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх Э.Болормааг дэмжлээ. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш буюу наймдугаар сарын 26-нд хуралдаж, аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэх юм.
Сонирхуулахад, Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршалагатай нэгэн юм.