ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавируст халдварын 5-р давалгааг үүсгэх Омикрон BA.5 хувилбарын нууц үеийн хугацаа 2.0 хоног, хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, хоолой сэрвэгнэх шинжүүд 41-58 хувьд илэрч байна. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 0-17 хүртэлх насны 108 хүүхэд шинээр халдвар авсан бөгөөд нийт хүүхдийн өвчлөл дотор 74 хувь нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байна. Үүнээс 5-11 насныхан нийт тохиолдлын 44.5 хувь буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна. Иймд хүүхдийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Ковид-19-ийн эсрэг вакцин 5-11 насныханд 8 сараас эхэлсэн бөгөөд одоогоор 800 гаруй хүүхэд эхний тунгаа хийлгээд байна. Пфайзер-БиоН’Тех үйлдвэрийн энэхүү вакциныг 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн улс орнууд хүүхдийн вакциныг хийж эхэлсэн хийгээд одоогийн байдлаар 16 улсад хэрэглэж байна. Дархлаажуулалтын үр дүн 95 хувиас дээш, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл насанд хүрэгчдэд хэрэглэсэн вакцинаас бага байгааг судалгааны үр дүнг нотолсоор байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл улирлын болон томуугийн цар тахлын эрсдлийн үнэлгээгээр ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД байна” гэдгийг онцолж байв.