Х.Баттулга талын Ардчилсан намын ээлжит бус их хурал өнөөдөр /2022.08.18/ болж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр хуваагдаад байсан Ардчилсан намынхан зөвшилцөх гэж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл ээлжит бус хуралдааны үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын зарим удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр 2024 оны сонгуульд хамтарч оролцох талаар уулзалт хийж эхэлсэн талаараа мэдэгдлээ. Тэрбээр "33 жилийн түүхэнд бид эвдрэлцэж байх үедээ ялагдаж, эвлэлдэж байхдаа ялж байсан түүх бий. Салж явсан, салгаж тоглож байгаа бид нарын лидерүүд гэж нэрлэдэг зарим удирдлагуудтай би уулзалт хийж байгаа. Зөв алхам болов уу гэж бодож байгаа. Тиймээс зөвшилцлийн хүрээнд 2024 оны сонгуульд хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэн орж байж ялалт байгуулж, ард түмнийхээ хүслийг биелүүлнэ" гэсэн юм.
Ташрамд дурьдахад, өнгөрөгч тавдугаар сард болсон УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны үеэр Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ түр буцаан татах хүсэлтийг АН-ынхны зүгээс Улсын дээд шүүхэд өгсөн байдаг. Харин АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх материалыг удахгүй буцаан хүргүүлнэ гэдгээ мэдээлж байв.