Үндэсний их баяр наадамд дөрөв давсан 64 бөх, шөвгөрсөн эрэгтэй, эмэгтэй 16 харваач гээд нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Одоогийн байдлаар үүний 77-гийнх нь шинжилгээний хариу гарсан ба үлдсэн гурвых нь хариу хараахан гараагүй байгаа юм.
Энэ талаар мэргэжилтнүүд хэлэхдээ "Допингийн шинжилгээний хариу цуварч гарах боломжгүй, нэг дор ирнэ" гэдгийг хэлж байгаа юм. Үүнээс гадна хамгийн их анхаарал татаж буй сэдэв бол Улсын Аварга цолтноос допинг илэрсэн гэх албан бус мэдээлэл хөврөөд буй.
Энэ талаар Өдрийн сонинд "Өнгөрсөн наадмаар улсын аварга цолтой таван бөх допингийн шинжилгээ өгсөн. Тодруулбал, улсын даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, О.Хангай нар юм. Эдгээр аваргуудын нэг нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бололтой. Дээрх мэдээллийг Допингийн шинжилгээнд гардаж ажилласан эмч нар баталж байгаа юм. Энэ жил шинжилгээнд хамрагдсан аваргуудаас даян аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр нар өмнө нь допингийн зөрчил гаргаж барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгаж байсан" хэмээжээ.
Мөн энэ жилийн наадмаар улсын гарьд цолтон төрөх гэнэ. Өөрөөр хэлбэл "Наймын даваанд давсан бөхчүүдийн нэг нь допингийн шинжилгээнд бүдэрсэн байна. Тэгвэл наймын даваанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нар өрсөлдөгч бөхчүүдээ өвдөг шороодуулсан. Ингээд тооцоход энд нэр дурдсан бөхчүүдийн нэгээс допингийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүй" гэдгийг мөн дурьджээ.