Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгост гацсан иргэдийн төлөөлөл: Хүмүүс биш сонгууль чухал байгаад харамсаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 57 секунд


 

Өчигдөр Солонгос дахь монгол иргэд элчин сайдын яам дээр суулт хийхээ мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү асуудлын талаар Солонгос улсад суугаа иргэдтэй холбогдож нөхцөл байдлын талаар тодрууллаа.

1. Сөүл хотод байрлаж буй Н.Бат-Эрдэнэтэй холбогдон жагсаал хийх гэж буй иргэдийн талаар тодрууллаа.

Наашаа ирэх хүсэлтэй хэдэн хүн байна. Албан ёсны тоо байна уу?

Элчин сайдын яамны мэдээлэлснээр 1300 хүн буцах хүсэлт өгсөн гэсэн. Гэхдээ тэрнээс их хүмүүс байгаа гэж бодож байна. Буцах хүсэлтээ илэрхийлэх зорилготой жагсаал хийнэ гэсэн хүсэлтийг албан бичгээр Солонгосын холбогдох газарт хүргүүлсэн байгаа. Бидэнд хариуг 5 сарын 1-нд өгнө гэсэн.

Ямар бүлгийн хүмүүс жагсаалд оролцож байна? 

Дийлэнх нь гурван сарын визтэй хүмүүс байна. Аялах, ажиллах, эмчлүүлэх гээд янз янзын шалтгаантай ирсэн хүмүүс байна.

Солонгос дахь ЭСЯ-наас та бүхэнд хэрхэн хариулж байна?

Бид шийдвэр гаргах түвшний байгууллага биш шүү л гэсэн байр суурьтай байна даа. Өдөр болгон л 40-50 уурлаж бухимдсан хүмүүс элчин дээр ирж энэ ажилчдыг загниж байна. Сүүлдээ энэ хэдийгээ ч өрөвдөх шиг. Яагаад манай улс гадаадад байгаа буцах хүсэлтэй иргэдээ бүгдийг нь авч болдоггүй юм бол. Ганц Солонгос биш дэлхийн өнцөг булан бүрт л адилхан шалтгаантай хүмүүс байгаа байх. Энд ганц жагсаал хийнэ гэж яриагүй л байх.

Та бүхний хүсэлт, шаардлагыг хүлээн авахгүй бол цаашид яах бодолтой байна?

Өдөрт элчин дээр 40-50 хүн цуварч ирж байгаа. Байнга элчин дээр байгаа 10 хүн байна. Хэрвээ биднийг хүсэлтийг хүлээж авахгүй бол Солонгос улсын телевиз, олон улсын байгууллагуудад хандана, өлсгөлөн зарлана гэх мэт яриа хүмүүсийн дунд гарч байгаа.

Жагсаалд нэгдэж буй хүмүүс тулгамдаж буй хамгийн том асуудал нь эрсдэл үү, санхүү юу?

Янз янз л байна. Гэхдээ ихэнх нь богино хугацааны визээр ирээд ингэж удна гэсэн төлөвлөгөөгүй байсан болохоор санхүүгийн хүндрэлүүдтэй тулгарч байна. Зарим нь таньж мэдэх хүн байхгүй, мөнгөө дуусч байгаа гэсэн хүмүүс маш их байна. Мэдээж Солонгосын өргөн хэрэглээний зардал монголоос хоёр дахин үнэтэй. Ийм нөхцөл байдалд цаашдаа байна гэдэг үнэхээр хүндхэн асуудал болоод байна. Хамгийн гол нь хэзээ явах нь мэдэгдэхгүй бидэнд ямарч баталгаа алга. 

Саун болон Буудалд байрлах нэг хоногийн төлбөр хэдэн төгрөг төлж байна?

Саунд нэг хоногийн 7000 вон, буудал хамгийн хямд нь гэхэд 30-40 мянган вон төлж байна.Сараар яриад буудалд байвал 400 мянган вон болдог гэсэн. Миний хувьд одоогоор таньдаг айлдаа байна.

Өчигдөр УОК-ын хурлаар хөл хориог дахин сарын хугацаагаар сунгалаа. Үүнтэй холбоотой шийдвэр гаргачдын талаар юу гэж бодож байна?

Сонгуульдаа их туулширч байна даа. Сонгуулиа хийхээрээ хийнэ л биз. Гэтэл сонгууль дууссаны дараа иргэдээ татаж авна гээд байгааг ойлгохгүй байна. Гадаадад байгаа хүмүүсээ хөдөө хээр майхан бариулаад ч болтугай авчхаасай гэж хүртэл бодох юм. Цаашдаа хичнээн удах вэ? Оюутны дотуур байр, хээр хөдөө байсан ч яахав дээ. Онгоцны асуудал дээр өөр орны нислэгийн компаниуд яваад өгье гэсэн газрууд уг нь зөндөө л байна. 

2. БНСУ-д гацсан санхүүгийн хүнд нөхцөлд байгаа иргэдийн төлөөлөл Э.Болдбаатар

- Би өнгрөсөн жил 3 сард Солонгосын Каннын хотын уран бүтээлчидтэй хамтарч сийлбэр барималын үзэсгэлэн Солонгосын арав гаруй уран бүтээлчидтэй хамтарч үзэсгэлэн гаргаж байсан. Энэ жил хамт үзэсгэлэн гаргаж байсан Солонгос уран бүтээлч хүмүүстэйгээ уулзаж 2 дахь үзэсгэлэн болон төслийн танилцуулгаа хийхээр ирсэн юм. Гэтэл цаг үеийн байдлаас болоод одоог хүртэл энд хүнд нөхцөлд байсаар байна.

Одоо хаана байрлаж байгаа вэ?

Хоёр оюутан залуугийн гэрт байна. Байгаа газрынхаа түрээс хоол гээд л хэрэглээний зардал их байна. Нэг сарын санхүүгийн төсөвтэй ирсэн. Каннын хотод хамгийн хямд буудалд байрлаж ажлаа амжуулаад буцна гэж төлөвлөж байсан.

Байрны түрээс хэдэн төгрөг төлж байна вэ?

Сард 250.000 вон. Утасны дугаар сунгуулахад 36.300 вон. Сарын хоол хүнсэнд 200-300.000 вон. Хэрэглээгээ танаад ийм өртөг гарч байгаа шүү дээ. Бусад хүмүүсийн хувьд энэнээс дээшээ л байгаа. Ихэнх хүмүүс байранд 500-600.000 вон төлдөг. Санхүүгийн болоод эрүүл мэндийн хүнд нөхцөлтэй байгаа учраас залуучууд суулт хийхээр зөвшөөрлөө хөөцөлдөж эхэлсэн байгаа. Бидэнтэй нэгдэхээр хагалгаанд орсон хүн хүртэл буцаж чадахгүй нэгдэхээр ирсэн. Өндөр настай эмээ өвөө хоёр сууна гээд ирж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд мөн ирсээр байна.

Жагсаалд ойролцоогоор хэдэн хүн оролцохоор нэгдээд байна вэ?

Одоогоор суултанд оролцохоо мэдэгдээд утасныхаа дугаар нэрээ бичүүлээд явж байгаа жар гаруй хүмүүс байна. Энэ хүмүүсийн ард нүүр номын хуудсанд жагсаалд оролцохоо илэрхийлсэн маш олон иргэд байгаа. Бухимдалтай, гомдолтой байна.

Жагсаалаараа яг ямар тодорхой шаардлага хүргүүлж байгаа вэ?

Элчин сайдын яамаар дамжуулж онцгой байдлын коммисст хүргүүлэхээр өгсөн байгаа. Шаардлага маш энгийн бүтэхгүй даварсан юм хүсээгүй гэж бодож байна.

1.Элдэв шаардлага тавилгүй Солонгост байгаа иргэдээ татан.Солонгосоос хилээр нээлттэй нэвтрүүлч өгөөч.

2.Солонгост өнөөдөр өвчлөл буурч аюулгүй болсон дэлхий Солонгосыг ялалт байгуулсан гэж зарлаж байна. Гэхдээ бид шинжилгээгээ мэдээж өгөөд явна.

3.Өдөр ирэх тусам буцахыг хүссэн хүмүүс нэмэгдэж байна гэдгийг мэдээд байгаа юм бол өнөөдөр яагаад тусгаарлах байрны тоог нэмэхгүй байгаа юм гэсэн ийм шаардлага, асуултыг тавьсан.

Та бүхний хүсэлтийг хүлээн аваагүйгээ тайлбарласан. Ямар санагдав?

Өчигдөр УОК ын дарга ард иргэдээ дэндүү басамжилж, муухайгаар доромжиллоо. Өнөөдөр хүмүүс биш сонгууль нь чухал байгаад харамсаж байна.

Олны танил хүмүүсийг түрүүлж авчирч байгаа асуудал гарсан уу?

Гаралгүй яахав. Хүмүүс зөндөө л ярьж байна. Энэ хүмүүсийн урдуур Солонгост олон жил амьдарсан хэл устай эндээ ажил төрөлтэй орж гардаг цэнхэр үнэмлэхтэй хүмүүс, хараар байсан амьдрах учраа олсон мөнгөө цуглуулцан хүмүүс 5 сарын 1-ний нислэгээр явна гээд байж байна. Гэхдээ миний хувьд энэ нээх чухал биш. Олны танил байна уу, мөнгөтэй байна уу аль нь ч байсан явах л ёстой. Хамгийн гол нь хүн бүр эх нутагтаа очих эрх үндсэн хуульд заагдсан байдаг шүү дээ.

3. БНСУ-д түр хугацааны буюу аялалын визээр зорчсон иргэдийн нөхцөл байдал

Солонгос улсад харгалзах хүнгүй байгаа хүүгийн ээж Б.Чулуун 

Би Чех улсад байна. Харин хүү маань 12 дугаар анги одоо Солонгост ганцаараа байгаа. Хүүгийн минь нүүр насны онцлог нь хүндрээд Солонгост сүүлийн хоёр жил эмчилгээнд явж байгаа. Уг нь би өөрөө байнга дагуулж явдаг юм энэ удаад ажилтай болж таараад өөрөө Чех рүү нисээд хүүгээ хүнд итгэмжлэх хийлгээд явуулсан юм тэгсэн ийм байдалд орчихлоо.Эхлээд ч хүү маань буудлаар хоноглоод яваад байсан. Одоо бид мөнгө өгч чадахаа болиод айл айлаар хэсүүчлээд явж байна. Эндээс таниж мэддэг найзуудаа гуйгаад ганц хоёр хоног хонуулах юм. Инчеон дараа нь Дэгү одоо буцаад Сөүлдээ ирсэн байгаа. Бид хүүдээ маш их санаа зовж байна. Цаашдаа энэ байдал үргэлжлэх юм бол яахаа ч мэдэхгүй байна.

Хагалгаанд орох зорилгоор Солонгос улсыг зорьсон Б.Билгүүнзул 

Би Хоёр сард Солонгост хагалгаанд орох гэж ирээд хагалгандаа ороод, эмнэлгийн үзлэг дуусаад 40 хонож байна. Нийтдээ 2 сар гаруй боллоо. Хурдан харихгүй бол ээлжийн амралт, цагаан сарын амралтын өдрүүдийг дайруулж ирсэн. Одоо санхүү, ажил амьдрал гээд бүх юм маш хүнд байдалтай байна.

Зургаан сартай хүүхэдтэйгээ айлд байрлаж байгаа  иргэн Б.Амаржаргал:

Би Солонгос улсад 1 сарын 28-нд ирээд 2 сарын 25-нд буцах төлөвлөгөөтэй байсан. Энд зургаан сартай хүүхэдтэйгээ ирсэн.Одоо энд айлд байрлаж байна. Жоохон хүүхэдтэй болохоор гарч орж болохгүй юм. Энд өвөл ирсэн гэтэл одоо бараг зун болж байна. Хувцас, хоол унд гээд хэрэглээний зардал маш өндөр гарч байна. Уг нь буцах хүсэлтээ гаргаж өргөдөл бичиж өгсөн. Одоо 5 сарын 1-нд явах тусгай нислэгийн тийз 630 мянган вон болсон байна. Эндээс явахын тулд заавал шинжилгээ өгөх хэрэгтэй. Тэр нь 120 мянган вон. Очиод 21 хоног тусгаарлагдах төлбөр 1050000 төгрөг. Хүүхэд хүртэл адилхан үнэтэй. 

Э.Баатарцогт: Хувьцааны данс нээлгээгүй ч и-баримт апп-аар ногдол ашгаа авч болно
Э.Баатарцогт: Хувьцааны данс нээлгээгүй ч и-баримт апп-аар ногдол ашгаа авч болно
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.