Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам доллар залилсан этгээдүүдийн холбогдох шүүх хурал хойшилсон талаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Залилах гэмт хэрэг/, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн 2109000000706 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Гэвч зарим яллагдагч нарын нэр бүхий өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч хянан хэлэлцсэн.
Ингэснээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаанд хойшлуулж, уг хуралдаан хүртэл яллагдагч нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал, яллагдагч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцлийг хангах зорилгоор яллагдагч Б.Бямбадоржид урьд нь авагдсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. Мөн яллагдагч Ц.Энхтайван, Б.Түвшинжаргал, Э.Золхүү, Б.Энхбаатар, Д.Гажидваанчиг, Б.Баттулга, Б.Баясгалан, Э.Энхсанжаа, Ц.Ариунтамир нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлсэн байна.