Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар болон Засгийн газрын зургаадугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийн үр дүнг шалгах ажлын хүрээнд өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтад МХЕГ, нийслэлийн МХГ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагуудыг байлцуулсан юм.
Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан НМХГ-ын дарга Б.Батшагай, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар нарыг үүрэгт ажлаа цалгардуулсан, лабораторийн шинжилгээ, дүгнэлт нь гарчихсан асуудлыг шийдвэрлэлгүй 2,3 сар хойшлуулсан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн байж, төрийн байгууллагын үлгэр жишээ байх ёстой. Доод, дунд шатны дарга нараа хаацайлсан, ажил хийдэггүй замхруулж байгаа нь төрийн бүтээмж, нэр хүндийг унагааж байна. Цаашид ч Засгийн газрын бодлого, төрийн бүтээмжийг үнэгүйдүүлдэг доод, дунд шатны дарга нартай хатуу хариуцлага тооцно” гэлээ.